ХӨСҮТ: Эмч нар ажлаа хийх ямар ч хүч тэнхэлгүй болчихлоо. Яагаад хоёр жил зүтгэчхээд хийсэн ажлынхаа хариуд буруутгагдаж байгаа юм бэ

Сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ХӨСҮТ-ийн эмч нар PCR шинжилгээг хуурамчаар үйлдсэн гэсэн мэдээлэл гарч нийгмийг талцуулаад буй. Тэгвэл цар тахлын голомтод ажиллаж буй эмч нар дөнгөж сая хэвлэлийн хурал зарлаж, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тус эмнэлгийн эмч ажилчид Эрүүл мэндийн сайдад хандаж "Энэ салбарын ажилтнууд халдварт өвчинтэй тэмцэх хүнд нөхцөлд ажиллаж байхад ХӨСҮТ-ийн ажилтнуудыг хуурамч шинжилгээний хариу гаргадаг гэж цахим орчинд буруутгаж байна. Буруутай нь тогтоогдоогүй байхад тодорхой нэр зарлаж байгааг эсэргүүцэж байна. Тиймээс нэр хүндийг сэргээх, салбарын эмч ажилтнуудын урамшууллыг бүрэн олгож өгөхийг мэдэгдэж байна" гэж Эрүүл мэндийн ажилтнуудын үйлдвэрчний холбооноос мэдэгдэл гаргасан гэж байв. Түүнчлэн Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа "Монгол Улсын хэмжээнд эмч, эмнэлгийн 500 гаруй ажилтан коронавирусийн халдвараар өвчилсөн байна. Цаашдаа ч нэмэгдэх хандлагатай байна. Өнөөдөр олон улсад хүлээн зөвшөөрөгдөх зургаахан тархвар судлаач ХӨСҮТ-д ажиллаж байна.  Энэ хүмүүс өвдчихвөл яах вэ, хэн оронд нь ажиллах вэ. Тиймээс энэ хүмүүсээ хамгаалж, цалин хөлс, хангамжийг өгмөөр байна" гэдгийг онцолж байсан юм. 

ХӨСҮТ-ийн Үйлдвэрчний хорооны дарга О. Баатарчулуун: 

-ХӨСҮТ дээр ТЕГ, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас хамтарсан шалгалт орсон. Энэ үнэн. Шалгалт үргэлжилж байгаа. Хачирхалтай нь, шалгалт орсноос хоёр хоногийн дараа livetv.mn гэсэн цахим хаягаар шалгалттай холбоотой мэдээлэл цацагдсан. Энэ мэдээлэлд "ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд Монгол Улсыг коронавирусийн цар тахалд живүүлсэн үү" гэдэг тусгай бэлтгэсэн зохиолтой мэдээлэл гаргасан. Цар тахлын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийнхнийг илтээр буруутгасан. ХӨСҮТ-ийн эмч нар цар тахал тараасан мэт гарчигтай бодит байдлаас илт гуйвуулсан энэ нэвтрүүлэг ХӨСҮТ-ийн ажилчдад маш хүнд цохилт болсон. Эмч нар ажлаа хийх ямар ч хүч тэнхэлгүй болчихлоо. Яагаад хоёр жил зүтгэчхээд хийсэн ажлынхаа хариуд буруутгагдаж байгаа юм бэ. 50 мянган хүний хариуг 80 мянган төгрөгөөр сөрөг гаргасан гэх мэдээлэл гарч байна. Энэ бол зохион байгуулалттай улс төрийн гүтгэлэг гэж харж байна. Цар тахал эрчимтэй тархаж, орон нутагт хүмүүс энэ халдварын улмаас амиа алдаад эхэллээ. Төрийн алба хаагчид, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ч энэ өвчнөөс нас барж байна. Нөхцөл байдал хэцүү байгаа энэ үед эмч нарыг дэмжиж, хамтарч ажиллахыг хүсмээр байна" гэлээ. 

Мөн шинжилгээний хариуг өрчилсөн гэдэг мэдээлэлд нэр холбогдоод буй тус эмнэлгийн эмч Энхцэцэг: 
-Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбарын 500 гаруй ажилтан халдвар аваад байна. Улмаар хүний нөөцийн хомсдол үүссэн бөгөөд хөдөө, орон нутгаас эмч нар авчирсан. ПСР шинжилгээ маш нарийн явцтай. Шинжилгээг өдөр нь аваад шөнө нь шинжилдэг. Лаборатори руу орсон шинжилгээг хэн ч өөрчилж чадахгүй" гэлээ.