С.Амарсайхан: Цаашид явган хүний хөл хөдөлгөөнийг үе шаттайгаар хязгаарлах арга хэмжээ авна

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан УОК-ын дэргэдэх Шуурхай штабт ажилласан. Энэ үеэр тэрбээр хөл хорионы хугацаанд явган хүний хөл хөдөлгөөнийг үе шаттайгаар хязгаарлах арга хэмжээ авахаар болсон гэдгээ мэдэгдлээ. Шадар сайдын хэлснээр эхний ээлжинд хүүхдийн тоглоомын талбай болон олон хүн цугладаг байршлуудыг хаах юм байна.

Түүнчлэн УОК-ын Шуурхай штабын өгсөн мэдээллээр автомашинтай холбоотой зөрчлүүд цэгцэрсэн аж. Иймд цаашид явган хүний хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах арга хэмжээг шат дараатай авах бөгөөд мөн PCR шинжилгээг нарийвчлан зохион байгуулахаар болжээ. Тус штабын дарга, хурандаа Ц.Ганзориг энэ тухай “PCR шинжилгээний зохион байгуулалтыг цэгцэнд нь оруулна. Ялангуяа аж ахуйн нэгж байгууллагуудын ажилчид шинжилгээ өгөх асуудлыг нарийн зохион байгуулна” гэсан юм.