Ц.Мөнхбаатар: С.Амарсайханы хүүгийн Боловсролын зээлийн сангаас авсан сургалтын зээлийг улстөржүүлж, эцэгтэй нь холбон харлуулахаа боль

Шадар сайд С.Амарсайхан өөрийн хүүгээ гадаадад сургах төлбөрийг  БШУЯ-ны Боловсролын зээлийн сангаас гаргуулсан гэсэн мэдээлэл өнөөдөр олон нийтийг бухимдуулаад байна. Тодруулбал, БШУЯ-ны харьяа Боловсролын зээлийн сангаас Шадар сайд С.Амарсайханы төрсөн хүү А.Эрдэнэхүслэн Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улс буюу Английн Бристолын Их Сургуульд сурах сургалтын төлбөр хэмээн 27166 ам.доллар буюу 77,423,100 /далан долоон сая дөрвөн зуун хорин гурван мянга нэг зуун/ төгрөгийн зээлийг авсан байна" гэсэн мэдээлэл гарснаас үүдэн олон нийт бухимдлаа илэрхийлж, жирийн иргэдийн хүүхэд яагаад энэ зээлд хамрагдаж чаддаггүй, харин эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүсийн хүүхэд давуу эрх эдэлдэг вэ гэцгээж байгаа юм.

Тэгвэл Шадар сайд С.Амарсайханы хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар өгчээ. Тэрбээр:

АТГ-аас Шадар сайдын хүүгийн сургалтын зээлд хамрагдсан асуудлыг өнгөрсөн оны 10 сард шалгаад хууль зөрчөөгүйг тогтоожээ

2020 оны орон нутгийн сонгуулийн өмнө иргэдийн гомдлын дагуу АТГ-ааас УИХ-ын гишүүн С.Амарсайханы хүү сургалтын төрийн сангийн зээлд хамрагдсан нь гишүүний зүгээс нөлөөлсөн, оролцоо дэмжлэг байгаагүй, давуу эрх эдлээгүй, зохих журмын дагуу боловсролын байгууллагаас тавьж буй шаардлагад тэнцэж, зээлийн санд хамрагдсан байна гэдгийг нэгэнт тогтоочихсон.

Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Тimes Higher Education World University Rankings” жагсаалтын эхний 20 сургуульд тэнцсэн суралцагч мэргэжлийн чиглэл харгалзахгүйгээр, 21-100 жагсалтанд багтах Их сургуульд тэнцсэн суралцагч Засгийн газраас тогтоосон тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцах бол сургалтын зээлд хамрагдах хүсэлт гаргах эрхтэй байдаг.

Энэ дагуу БШУЯ, холбогдох байгууллагаас томилогдсон комисс иргэдийн хүсэлтийг харгалзан сонгон шалгаруулж сургалтын зээл олгодог журамтай аж.

Гадаад хэлний өндөр мэдлэгтэй, сурлага сайтай, Дэлхийн шилдэг 100 их сургуулийн шаардлага хангаж тэнцсэн хэн бүхэнд энэ журам нээлттэй...

Шадар сайдын хүү А.Эрдэнэхүслэн дэлхийн шилдэг 100 сургуульд багтах Их Британи улсын Бристолын Их сургуулийн шалгуур үзүүлэлтүүдийг ханган, мэдлэг чадвараараа тэнцэж БШУЯ-ны Боловсролын зээлийн сангийн шалгаруулах комиссын болзол шалгуурыг 2020 оны 8 сард хангаж, боловсролын зээлд хамрагдсан.

Боловсролын зээлийн сан 2020 оны санхүүжилтгүйн улмаас 2021 оны 2 сард сургалтын төлбөрийг сургууль руу нь шилжүүлснийг аанай л манай зарим сэтгүүлчид өлгөн авч, С.Амарсайхан хүүхдийнхээ сургалтын төлбөрийг албан тушаалаа ашиглан шийдчихсэн мэт гүтгэлэг мэдээлэл тарааж эхэллээ.

Гэтэл үүнийг өнөөдөр шинэ зүйл мэт мэдээлэн, УОК-ын даргын үйл хэргийг буруутгах, түүнийг харлуулах арга зам болгохоор улайрч байгаа нь харамсалтай.

Энэ тухай асуусан сэтгүүлчийн асуултанд “Тиймээ, энэ үнэн, хүүхэд мэдлэг чадвараа бодитой үнэлүүлэн, болзол шаардлагыг нь хангаад төрөөс олгож байгаа зээл тэтгэлэгт хамрагдаж болдоггүй юмуу” гэж хариулсан.

Дэлхийн шилдэг сургуульд тэнцэхийн тулд хүүхэд өөрөө хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн, олон жил шаргуу хөдөлмөрлөж, өөрийгөө сорьж, ялж тэнцдэг.

Харин ч аав нь дарга гэж дулдуйдахгүйгээр нэг ч гэсэн монгол хүү дэлхийн шилдэг их сургуульд өөрийн мэдлэг чадвараараg үнэлэгдэн тэнцэж, үүнийг нь төрөөс дэмжин эргэн төлөгдөх нөхцөлтэй сургалтын зээлд хамруулсан асуудалд бид талархдаггүй юм гэхэд улстөржүүлж, эцэгтэй нь холбон харлуулахаа болих хэрэгтэй" гэсэн байх юм.

Үүнд олон нийт мөн дургүйцэж жирийн айлын хүүхэд энэ зээлийг авч чаддаггүй, Гадагшаа сургуульд явах гээд ч чаддаггүй. Тийм байхад ийм тайлбар өгөх нь зохисгүй гэцгээж байна.