ЧӨЛӨӨТИЙН БҮСГҮЙЧҮҮД 2 АЛТ, 4 МӨНГӨ, 1 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭЖ, БАГААРАА ТЭРГҮҮЛЛЭЭ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ Казахстаны Алматы хотын “Балуан Шолак” цогцолборт үргэлжиллээ. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн барилдаануу дөнгөж сая өндөрлөж, Монголын гурван бүсгүй аваргын төлөө хүч үзэв. 57 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг, 62 кг-д "Аврагч" спорт хорооны тамирчин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа, 65 кг-д "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ Зоригтын Болортунгалаг нар алтан медалийн төлөө хүч үзсэн бол 72 кг-д ОУХМ Энхбаярын Цэвэгмэд хүрэл медалийн болзол хангасан байна.

Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг Монголын бөхчүүдээс Алматыгаас гурав дахь мөнгөн медалийг (өчигдөр Б.Шоовдор, Э.Дэлгэрмаа нар жиндээ үзүүрлэсэн) хүртлээ. Тэрбээр хэсэгтээ Кыргызстаны Назира Марсбек Кызыг 7:0-ээр, Узбекистаны Севара Эшмуратова цэвэр ялсан ч Энэтхэгийн Ансуд торгуулиар цэвэр ялагдсан. Улмаар хагас шигшээд эзэн орны Алтынай Сатылганыг цэвэр ялсан тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд өсвөр үеийн дэлхийн болон Азийн аварга Энэтхэгийн Ансутай дахин учраа таарч, 0:3-аар дийлдэв. Энэтхэгийн энэ бөхийг өнгөрсөн долоо хоногт олимпийн эрхийн тэмцээнд манай Б.Хонгорзул аваргын төлөө ялж түрүүлсэн юм.

Сонирхуулахад, А.Батцэцэг 2018 онд Бишкект Азийн аваргад анх оролцохдоо хүрэл медаль хүртсэн бол 2019 онд Шианьд, 2020 онд Шинэ Делид, энэ жил Алматыд тус бүр мөнгөн медаль хүртээд байна.

Мөн энэ өдөр “Улаанбаатар-2019” 23 хүртэлх насны Азийн АШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри”, Польшийн нээлттэй тэмцээний аварга ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа 62 кг-ын жинд мөнгөн медаль хүртэв. Насанд хүрэгчдийн Азийн аваргад анх удаа хүч үзсэн тэрбээр хэсгийн барилдаанд Шри Ланкын Веерабаху Мудиансела, Узбекистаны Рушана Абдирасуловаг тус бүр цэвэр, хагас шигшээд зохион байгуулагч орны Ирина Кузнецоваг 7:1-ээр ялсан. Харин алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий алт, хүрэл медальт, Азийн дөрвөн удаагийн аварга Кыргызстаны алдарт Айсулуу Тыныбековатай хүч үзэж оноогоор цэвэр (0:11) ялагдлаа.

Харин 65 кг-ын жинд 2016, 2019, 2020 оны Азийн АШТ-ий хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Зоригтын Болортунгалаг алтан медаль хүртэж, Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Монголын эмэгтэй бөхчүүдийн хоёр дахь алтан медалийн эзэн З.Болортунгалаг дөрөв барилдахдаа бүх өрсөлдөгчөө цэвэр ялж түрүүлсэн. Тэрбээр хэсгийн барилдаанд Узбекистаны Севара Эшмуратова, БНСУ-ын Ли Хан Бит, хагас шигшээд Тайваний Пай Син Пин, финалд Энэтхэгийн эмэгтэй чөлөөт бөхийн анхны олимпийн медальт Сакши Маликыг тус тус цэвэр ялжээ. Тэрбээр Монголын эмэгтэй тамирчдаас Азид АШТ-д түрүүлсэн 10 дахь бөх болсон юм. Түүнээс өмнө хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин Ц.Энхжаргал (хоёр удаа), О.Бурмаа, О.Насанбурмаа, Д.Отгонцэцэг, П.Орхон, ОУХМ Н.Отгонжаргал, М.Дөлгөөн нар Азийн аварга болоод байв.

Манай улс Алматыгийн дэвжээнд эмэгтэй бүтэн багаа сойж, гол өрсөлдөгч багуудаа эзгүйд 173 оноогоор багийн дүнгээр түүхэндээ анх удаа тэргүүллээ. Тэгвэл манайхнаас ердөө таван оноо дутсан Энэтхэгийн бөхчүүд (4 алт+1 мөнгө+2 хүрэл) аман хүзүүдэж, зохион байгуулагч орон Казахстан (2+1+4) 156 оноогоор удаалсан байна.

Азийн АШТ маргаашнаас чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрөл эхлэх бөгөөд 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн барилдаанууд болно.