Цар тахал гарч хөл хорио тогтоосон энэ үед өргөн хэрэглээний барааны үнийг нэмэхгүй байх шаардлагыг ШӨХТГ-аас хүнсний захуудад тавьж байгаа. Гэвч "Хүчит шонхор" зэрэг томоохон худалдааны төвүүд давуу байдлаа ашиглан иргэдийн өргөн хэрэглээний барааны үнийг нэмсэн асуудал удаа дараа гарч буй. Тэгвэл ШӨХТГ-аас маргаашнаас эхлэн цагдаагийн байгууллагын дэмжлэг авч "Хүчит шонхор" худалдааны төвд шалгалт хийхээр болжээ. Энэ тухай ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ:
-Хүчгүй төр Хүчит шонхор гэдэг шиг л байна. Маргааш өглөөнөөс цагдаагийн байгууллагын дэмжлэгийг авч Хүчит шонхорыг шалгана. Байцаагч нарын биед халдах, заналхийлэх, доромжлох нь гаарлаа.
ШӨХТГ, Чингэлтэй дүүргийн ЗДТГ, Дүүргийн Мэргэжлийн хяналт, Дүүргийн татварын хэлтэс, Дүүргийн Онцгой байдал, Дүүргийн Цагдаагийн хэлтэс хамтарсан хяналт шалгалт эхэлсэн.
Өнөөдрөөс бусад зах, худалдааны төвийн удирдлагуудтай хийх уулзалтууд эхэллээ. Яагаад бусад дүүргийн иргэд, тухайлбал Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргийн иргэн бөөний үнээр мах авах гэж хотын хойд захруу явах ёстой вэ. Махны бөөний худалдааны хэт төвлөрлийг задлах шаардлагатай. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын баруун, зүүн, урд, хойд хэсгүүдэд бөөний төвийг байгуулах. Бөөний төв нь Хүчит шонхор захад төвлөрөн олон жил болсоноос үүдэн хэт монопольчлол, үнийн үгсэн хуйвалдах, зохиомол хомсдол бий болгох, үнийн хөөрөгдөл гаргах үндэс суурь шалтгаан үүсээд байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гэж цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.