АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН ДАРАМТЫГ ЭСЭРГҮҮЦСЭН #MEtoo ЦАХИМ ХӨДӨЛГӨӨН ДАВАЛГААЛЖ ЭХЭЛЛЭЭ

Олон нийтийн цахим сүлжээнд сүүлийн өдрүүдэд ажлын байрны бэлгийн дарамтыг эсэргүүцсэн #MEtoo цахим хөдөлгөөн өрнөж эхэллээ. Энэхүү хөдөлгөөнийг хуульч Р.Булгамаа, дуучин Д.Нарантуая буюу Нара нар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Хүний эрхийн комиссын гишүүн Д.Сүнжид, Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр нар хамтран ажиллахаа мэдэгджээ. Мөн иргэний нийгмийн зарим байгууллагууд энэхүү хөдөлгөөнд нэгдэхээ мэдэгдсэн байна. 

Ташрамд мэдээлэхэд, иргэн Б.Сүндэрьяа буюу Сүнээ өөрийн цахим хуудсаараа дамжуулан УИХ-д сонгогдсон нөлөө бүхий эрхэм өөрт нь бэлгийн дарамт үзүүлсэн гэх мэдээллийг өгсөн бөгөөд үүний дараа ажлын байрны бэлгийн дарамтын эсэргүүцсэн, мөн өөрсдөө бэлгийн дарамтад орж байсан гэх олон бүсгүйчүүд цахим хуудсаар дамжуулан эсэргүүцлээ илэрхийлсээр буй. Түүнчлэн өнөөдөр 14:30 цагт иргэн Б.Сүндэрьяа ЦЕГ-т өмгөөлөгчийн хамт албан ёсоор өргөдөл өгөхөөр болжээ. 

Ташрамд мэдээлэхэд өмнө нь мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн 12.4-т байсан ажлын байрны бэлгийн дарамт гэх зүйл заалт, 2017 оны тавдугаар сарын 11-нд хүчингүй болгосон аж. Тэгвэл уг заалтыг эгүүлэн Эрүүгийн хуульд оруулахаар #MEtoo гэх цахим хөдөлгөөн өрнүүлээд байгаа юм.