ЭМЯ: 15 хоногийн хөл хорионы дараа өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол дахин өсөх тооцоо байна

ЭМЯ, ХӨСҮТ-өөс Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллийг өглөө. 

ЭМЯ-ны Хэвлэл мэдээллийн ажилтан Б.Ууганбаярын хэлснээр өчигдөр 13100 хүнд шинжилгээ хийхэд Covid-19-ийн 885 шинэ тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 16.603 болжээ.  Мөн сүүлийн 24 цагт Covid-19 цар тахалд өртсөн 20 болон 61 настай хоёр хүн нас барсан байна. 

Нийт бүртгэгдсэн тохиолдлын 836 нь улбаанбаатарт бол орон нутагт 48 тохиолдол тус тус бүртгэгджээ. Орон нутагт Covid-19-ийн шинээр бүртгэгдсэн 48 тохиолдлыг аймгаар нь задалбал:

  • Архангай – 8
  • Сэлэнгэ – 6
  • Булган – 4
  • Ховд – 6
  • Өвөрхангай – 1
  • Төв аймаг – 4
  • Хэнтий – 1
  • Сүхбаатар – 5
  • Орхон – 10 тохиолдол тус тус бүртгэгджээ.

Түүнчлэн дээрх мэдээллийн дараа ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.БАЙГАЛМАА мэдээлэл өгсөн. Тэрбээр:

-Хатуу хөл хорионы үр дүн хөл хориог хэр хугацаанд тогтоохоос хамаарна. Эхний ээлжид 15 хоногийн хугацаанд хөл хорио тогтоож байна. Энэ хугацаанд өвчлөлийн нөхцөл байдал тодорхой хэмжээгээр саарна. Өнөөдөр 885 тохиолдол бүртгэгдсэн нь нууц үеийн хугацаандаа 4-6 хоногийн өмнө халдварт өртсөн хүмүүс гэж ойлгож болно. Хөл хорионы үр дүнг одоогоор хэлэх боломжгүй. Өвчлөлийг хяналтад авах эсэх нь хугацаанаас шалтгаална. Бидний тооцоолсноор дархлаажуулалтын үр дүн 70 хувьтай байвал 15 хоногийн хөл хорионы дараа өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо бага зэрэг буурна. Хөл хорионы дараа өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол дахин өсөх тооцоо байна.

Нийт 28 хоногийн хугацаанд хөл хорио тогтоож, хүн амаа дархлаажуулбал үр дүнтэй. Хүн амын дунд дархлал тогтоц 70 хувьтай байхад цар тахлын дэгдэлтийг бууруулж, долдугаар сарын эхээр гэхэд өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо маш багаар буюу 10-аас доош хоёр оронтой болно" гэсэн юм.

Мэдээллийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү. 

https://www.facebook.com/www.moh.gov.mn/videos/1676373985874801