ЭЛЧИН САЙД Ё.ОТГОНБАЯР ЭХ ОРОНДОО БУЦАХ ХҮСЭЛТ ГАРГАСАН БОЛ И.ИНДРАНИЛАГ ЭГҮҮЛЭН ТАТЖЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга долоо хоногийн өмнө Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах зарлигийг гаргаж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт албан бичиг хүргүүлж байсан билээ. 

Тэгвэл Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр эх орондоо буцах хүсэлтээ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт өнгөрсөн долоо хоногт гаргажээ. 

Мөн  Гадаад харилцааны яамнаас Элчин зөвлөх И.Индранилаг татсан гэх мэдээлэл байна. Шалтгаан нь, Элчин зөвлөх И.Индранила нь албаны мэйл задалсан гэх үндэслэлээр дээрх шийдвэрийг гаргасан бололтой.  

Хэрэв уншигчид санаж буй бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд Ё.Отгонбаярыг тун хангалтгүй ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд хоёр улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний гаалийн татварын асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллах ёстой байсан ч чадсангүй хэмээн эгүүлэн татах үндэслэлээ УИХ-ын чуулганы хуралдааны үеэр гишүүдэд танилцуулж байсан. Улмаар санал хураалт явуулахад олонхи нь Ё.Отгонбаярыг эгүүлэн татахгүй гэсэн шийдвэрийг гаргасан. Мөн энэ үеэр Элчин сайд Ё.Отгонбаяр нь УИХ-ын гишүүн С.Батболдын хүүг сургуульд оруулах бичгийг АНУ-ын нөлөө бүхий томоохон сургуулиудад илгээж байсан мэйл нь ил болж олны дургүйлийг хүргэсэн. Тухайн үед Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "АНУ дахь ЭСЯ-ны болон Элчин сайдын мэйл хаягийг Элчин зөвлөх хариуцдаг байсан гэсэн тайлбарыг өгч байсан юм. Тэгвэл ГХ-ны сайд энэ үйл явдалтай холбоотойгоор Элчин зөвлөх И.Индранилаг эгүүлэн татсан гэх мэдээлэл байна.