Н.АЛТАНХУЯГ: С.Бямбацогт бол Ц.Элбэгдоржийнд л байж байдаг хүүхэд байсан. МАНАН-гийн л хүүхэд

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай УИХ-ын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн. Энэ үеэр багагүй маргаан дэгдэв. Тухайлбал, 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: “МАН 100 жилийн ойгоороо Ерөнхийлөгчтэй болно гээд хэн ч билээ хэлж байсан. Үүнээс хойш дайрч доромжлох, хүчээр шийдэх асуудал гаарч байна. Та нар одоо боль. Бүх юмыг дайрч, булааж, дарангуйлж чадахгүй шүү. Одоо бүр Цэцийн гишүүн уруу дайрч эхэллээ. С.Бямбацогт бол Ц.Элбэгдоржийнд л байж байдаг хүүхэд байсан. МАНАН-гийн л хүүхэд. Хүн өөрчлөгддөг гэж бодсон өөрчлөгдөөгүй л байгаа юм байна. Ганц нэг хүний томилгоог нь хүртэл дээрэмдэж авах гээд байх юм. Хуулийн дагуу хийж байна л гээд байх юм. ингэж хуулийн дагуу хийдэг юм уу С.Бямбацогт оо. Энэ Монгол Улс болохоос биш Монгол Ардын Намын Улс биш шүү” гэв. 

/Мэдээллийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү https://fb.watch/4KpxI8YTLp/ /

Үүний хариуд УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

“За, баярлалаа. Тэгэхээр яах вэ. Би 2012-2014 онд МАН-ын бүлгийн дарга байсан. Надад өширхдөг юм шиг байгаа юм. Хоёулаа улсынхаа төлөө ажиллая. Хамтарч ажиллая. Яасан их өширхдөг юм бэ. Одоо болно. Та бас настай хүн шүү дээ. Би хуулиа бариад л ажиллаад байдаг юм. Би танд тайлбарлаагүй, ард түмэндээ тайлбарлаж байна. Тантай яриагүй байна. Ганц Н.Алтанхуяг хамар доороо хагархайтай юм биш, надад ч бас байдаг. Хуулийн дагуу ирсэн бичгийн дагуу хууль журмаараа хэлэлцээд явж байна. Хууль ярихгүй улс төржиж болохгүй. Бид тангараг өргөсөн. Хаа хамаагүй юм ярьж болохгүй. Н.Алтанхуяг өөрийгөө хөөрхөн гээд бодчихсон. Ард түмэн хайртай гэж боддог юм шиг байгаа юм. Шоучин, улс төрждөг хүн шүү дээ. Хууль судалж, хуулиар сурчихаад надтай ярь. Бүх юмыг заана, ухаантай гэж бодсон. Хэлсэн зүйлд чинь хариу барина шүү. Тийм мундаг ухаантай байсан юм бол Ерөнхий сайд байхдаа яагаад эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн юм. Х.Баттулгыг дагаж явж хамаг юм аа цайруулчихаад одоо нэг л их ариухан амьтан” хэмээн маргаан хурцдаж, УИХ-ын дарга дэг сахиулахаар хэдэнтээ алх цохив.