Ө.Шижир: Төрийн дээр нам ноёлж байгаагийн илрэл гэж Ерөнхийлөгч үзэж байгаа

Чуулганы хуралдаан эхэллээ. Хурлын эхэнд Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай УИХ-ын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхэллээ.

Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцууллаа. Тэрбээр:

“Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай УИХ--ын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 31 дүгээр тогтоолын “Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Шарын Цогтоог Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлсүгэй” гэсэн 2 дахь хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан үндсэн бүрэн эрхийнхээ дагуу хэсэгчлэн хориг тавьж, 2021 оны 04 дүгээр сарын 2-ны өдөр “Хориг тавих тухай” албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт илгээсэн.

Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасан бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болж байх ёстой Үндсэн хуулийн цэцийг байгуулах, түүний гишүүнийг томилж, чөлөөлөх асуудалд УИХ дур зоргын байдлаар хандах, Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдоогүй эрхийг эдлэх боломжгүй гэж үзэж байна.

Тухайлбал, Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл …анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ эгүүлэн татаж болно” гэж заасан. Үндсэн хуулийн энэ заалтыг эрх бүхий байгууллага хэрэгжүүлэхдээ Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг нэр зааж, эгүүлэн татах саналаа УИХ-д тавихаас биш Үндсэн хуулийн цэцийн гишүүд хууль зөрчсөн тул санал болгож томилуулсан хүмүүсийнхээ аль нэгийг нь эгүүлэн татъя гэх байдлаар санал тавих боломжгүй нь тодорхой юм.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг санал болгох болон томилох бүрэн эрхийг тогтоосон Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг мөн үүний нэгэн адил хэрэгжих ёстой. Бүрэн эрхийн хугацаа нь дууссан гишүүдийн аль нэгнийх нь оронд энэ хүнийг томилоорой гэдэг тал зассан, тодорхойгүй саналаар асуудлыг шийдвэрлэх нь хуульт ёсонд нийцэхгүй гэж үзэж байна.

Дамдинсүрэнгийн Солонго, Шарын Цогтоо нарыг Улсын дээд шүүхээс санал болгосны дагуу УИХ 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 70 дугаар тогтоолоороо Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилжээ. Үндсэн хуулийн цэцийн эдгээр гишүүд нэг өдөр, нэг тогтоолоор томилогдож, бүрэн эрхийн хугацаа нь нэгэн зэрэг дууссан байна.

Гэтэл Улсын дээд шүүх бүрэн эрхийн хугацаа нь дууссан Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүний оронд нэг хүнийг санал болгосон байх бөгөөд ингэхдээ тухайн хүнийг Д.Солонго, Ш.Цогтоо нарын хэнийх нь оронд санал болгосноо бүрэн эрхийнхээ дагуу нэг мөр шийдвэрлэхгүй орхигдуулсан нь Үндсэн хуулийн зөрчилд хүргэж байна.

Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий Үндсэн хуулийн цэцийг хууль зүйн аливаа зөрчил, маргаангүйгээр байгуулах нь санал болгох болон томилох эрх бүхий байгууллагуудын Үндсэн хуулиар хүлээсэн үүрэг юм.

Харамсалтай нь өнөөдөр Улсын дээд шүүх нь санал болгох бүрэн эрхээ бүрэн хэрэгжүүлж чадахгүйд хүртлээ, гагцхүү Үндсэн хуульд захирагдаж ажиллах ёстой Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулиа илэрхий зөрчсөн байдлаар маргаан үүсгэх хэмжээнд очтолоо, гаргасан шийдвэрээ албажуулж чадахгүй болтлоо улс төрийн нөлөө дарамтад орж, хараат бус байдлаа алдаж байна.

Энэ бол сайн зүйл биш. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн дээр нам ноёлж, Үндсэн хуульт ёс гажуудан, “засаг төр”-ийн тогтолцоо “нам төр”-ийн тогтолцоонд эргэн шилжиж, дарангуйллын дэглэм алгуурхан боловч тууштай сэргэж байгаагийн нэг тод илрэл гэж үзэж байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7-д “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх, эгүүлэн татах хуульд заасан үндэслэл бий болсноос хойш 30 хоногийн дотор санал гаргах” нь зөвхөн Улсын дээд шүүхийн бүрэн эрх байхаар хуульчилсан.

Энэ хүрээнд манай Тамгын газраас Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандаж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнд санал болгосон Ж.Эрдэнэбулганыг бүрэн эрхийн хугацаа нь нэгэн адил дууссан Д.Солонго, Ш.Цогтоо нарын хэнийх нь оронд санал болгосон талаарх Улсын дээд шүүхийн албан ёсны байр суурь, саналыг тодруулан ирүүлэхийг хүссэн. Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр “Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөх, томилох бүрэн эрх УИХ-д хадгалагдаж байна” гэсэн утга бүхий хариуг ирүүлсэн байна.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг үзэмжээрээ томилж, чөлөөлөх эрхийг УИХ-д холбогдох хууль нь олгоогүй бөгөөд үүнийг УИХ-ын бүрэн эрхийг тогтоосон Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлээс тодорхой харж болно. Мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг УИХ зөвхөн Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлд заасны дагуу санал болгох бүрэн эрх бүхий байгууллагынх нь саналаар томилж, чөлөөлнө гэдэгтэй маргах аргагүй.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар энэ хуулийн …25.8-д заасан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, тогтоол гаргана” гэж заасан тул Ж.Эрдэнэбулганыг Д.Солонго, Ш.Цогтоо нарын хэнийх нь оронд санал болгосон талаарх Улсын дээд шүүхийн албан ёсны байр суурь, саналыг тус шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч биш Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан нь гаргаж, илэрхийлэх нь хууль ёсны болно.

Улс орны тусгаар тогтнол, иргэдийн эрх, эрх чөлөөний гол баталгаа болж байдаг Үндсэн хуулийг чандлан сахиулах үндсэн үүрэг бүхий Үндсэн хуулийн цэцийг хууль зүйн зөрчил, аливаа маргаангүй байгуулах нь УИХ-ын үүрэг юм.

Тиймээс УИХ энэхүү хоригийг хүлээн авч, Үндсэн хууль болон Монгол Улсын шүүхийн тухай хуулиар Улсын дээд шүүхийн бүрэн эрхэд шууд хамаарч байгаа Үндсэн хуулийн цэцийн гишүүний томилгооны асуудлыг зохих хууль, журмынх нь дагуу шийдвэрлүүлэх шаардлагатай байна.

Түүнчлэн бүрэн эрхийн хугацаа нь дууссан Д.Солонго Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр улиран ажиллах хүсэлтээ Улсын дээд шүүхэд илэрхийлсэн боловч нийт шүүгчдийн хуралдаанаар дэмжээгүй байх бөгөөд Улсын дээд шүүхийн шүүгчид хоёр ч удаагийн санал хураалтаар түүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллуулахаас татгалзжээ. Энэ нь Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцийн гишүүнд санал болгосон Ж.Эрдэнэбулганыг Д.Солонгын оронд томилох хууль зүйн тодорхой үндэслэл болно гэж үзэж байна.

Мөн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсгийн “Цэцийн …гишүүнийг чөлөөлүүлэх саналыг анх илгээсэн байгууллага Улсын Их Хуралд ирүүлсэн бол Хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг 7 хоногийн дотор хэлэлцэн санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд оруулна” гэсэн маш тодорхой хуулийн заалтыг зөрчсөн байна. Улсын дээд шүүхээс Ш.Цогтоог чөлөөлүүлэх санал гаргаагүй, түүнчлэн Ш.Цогтоог чөлөөлөх асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж санал, дүгнэлт гаргаагүй байхад чуулганы нэгдсэн хуралдаанаар шууд хэлэлцэн шийдвэрлэсэн нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд огт нийцэхгүй байна.

Хоригийг зохих хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ үү. Анхаарал тавьсанд баярлалаа” гэлээ.