Эрүүл монгол хүн энэ улсын хамгийн үнэт баялаг шүү!!! Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЭЭ

Дэлхий нийтийг түгшээж буй Ковид-19 цар тахлын бодит аюул нэгэнт ирчихсэн гэдгийг эрдэмтэн судлаачид, эрүүл мэндийн салбарынхан хэлж байна. Сүүлийн дөрөв хоногт энэ цар тахлаар өвдчилсөн дөрвөн хүн нас барсан бол өчигдөр 602, өнөөдөр 823 хүн халдварт өртсөн гэж мэдээллээ. Нэг хүний ард багаар бодоход 4 хавьтагч бий гэж тооцвол  ковид-19 цар тахал Монгол Улс даяар тархаж магадгүй хажуугаар чин өнгөрч байгаа 5 хүн тутмын нэг нь халдвар тээгч байхыг үгүйсгэх аргагүй ийм нөхцөл үүсчихээд байна.

Уг нь эрүүл мэндийн салбарынхан энэ тухай эрт хэлсэн. Энэ цар тахлын дэгдэлт гурав, дөрөвдүгээр сард эрчимжинэ гэдгийг онцолж яаралтай хатуу хөл хорио тогтоохыг сануулсаар байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч мөн л эрүүл мэндийн салбарынхны үгийг сонсох ёстой гээд иргэдээ дархлаажуулж дуустал хатуу хөл хорио тогтоох, өрх бүрт нэг сая төгрөг өгье санаачилга гаргасан. 

Харамсалтай нь УИХ-ын эрхэм гишүүд, эрх баригч МАН хийгээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь “Өрх бүрт өгөх нэг сая төгрөг байхгүй. Харин "Эрүүл мэнд, эдийн засгаа аврах 10 их наядын төлөвлөгөө"-г боловсруулсан гэж сүржигнэн баахан мэдээлэл хийсэн ч өнөөх нь ямар үр дүнд хүрсэн нь тодорхойгүй,  харин ч өргөн хэрэглээний барааны үнэ өсч, урд хөрш хилээ хаасан, жирийн иргэд банкны шалгуурыг давж 3 хувийн зээл авч чадахгүй хүндхэн байдалд байна. Цар тахал энэ эрчээрээ тархаж, урд хөрш хилээ хаасан хэвээр байвал бид яах ёстой вэ гэсэн айдастай иргэн бүр, өрх бүр нүүр тулчихаад байна. 

Харамсалтай нь, ард иргэд нь хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж буй энэ өдрүүдэд Монгол Улсын Засгийн газраас “Манай улс вакцинжуулалтаараа азид төдийгүй дэлхийд ч тэргүүллээ” гэсэн па-арыг цахим орчинд цацаж, мөнгөө өгсөн нь хөгжимөө захиална гэдэг шиг өөрсдийгөө хий хоосон хөөсөөр магтуулан байна. Үнэндээ бол энэ цар тахал гараад нэг жил гаруйн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд гуравхан сая хүнтэй Монгол Улсын Засгийн газар иргэн бүрээ, өрх бүрээ бодсон шийдвэр огт гаргаагүй. Харин ч “Нэг хаалга-Нэг шинжилгээ” гэж өчнөөн тэрбум төгрөг салхинд хийсгэж, түүнийг дагасан халаа сэлгээг төрийн албанд өрнүүлснээр өөр юу хийв. Уг нь энд тэндээс бадар барилгүйгээр, цаг алдалгүйгээр вакцин оруулаад ирсэн бол, эртхэн иргэдээ дархлаажуулсан бол, эрдэмтэн мэргэд, эрүүл мэндийн салбарынхны үгийг сонссон бол өнөөдөр нөхцөл арай ч ийм дээрээ тулахгүй байсан болов уу.

Одоо эрүүл мэндийн салбарынхан хэлж байна. Хатуу хөл хорио тогтоохгүй бол байдал нэгэнт хэцүүдсэн. Хөл хориотойгоо зэрэгцээд дархлаажуулалт хийх ёстой. Эс тэгвэл хэд хоногийн дараагаас халдварын тоо 1000-2000-д хүрнэ гэж. Ба эмч халуун шугаман дээр ажиллаж буй эмч нар нэг сар унтаагүй. Одоо л яг сөхөрч уналаа гэдгээ хэлж. Гэтэл Монгол Улсын засгийн газар өнөөдөр  гурван сая иргэнээ хэдэн зуун сая, тэрбум хүнтэй улсуудтай харьцуулан ичмээр Пи-Араар өөрсдийгөө хуурч түүнтэй зэрэгцээд сайд дарга нарынх нь тэнэг үйлдлүүд хэрээс хэтэрч байгаа тухай мэдээллүүд ар араасаа ирсээр байна. Мөн дээрээс нь УОК хийгээд НОК-ын дарга нар нь учраа олохгүй хоорондоо амбицалж, хол зөрүүтэй шийдвэрүүд нь ард түмний бухимдлыг дээд цэгт нь хүргэсээр байна. 

Эцэст нь, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээ!!! Та уг нь энэ бүхнийг зангидах ёстой. Гэтэл өнөөдөр нөхцөл байдал нэгэнт хяналтаасаа гарчихлаа. Ард түмэн ч ядар ч туйлдаж байна. Дээрээс нь Ковид-19 цар тахлаас болж эрүүл монгол хүнгүй боллоо. Энэ өвчнөөр нэгэнт өвчлөөд эдгэрсэн хүмүүс эрүүл мэндийн хувьд асар доройтдог гэдгийг дэлхийн эрдэмтэд батлаад байна. Гэтэл манай улсад өвчлөгсдийн тоо нэмэгдсээр, цаашид хэд хүрэхийг таашгүй. Магадгүй байдал бүүр хүндэрвэл яах вэ гэдэг асуултад хариулах эрх мэдэлтэн ч алга. Арай ч дээ гэж халагламаар байна. 

Хэдийгээр танай Засгийн газар  эдийн засгаа нэгдүгээрт гэж байгаа ч Эрүүл монгол хүн энэ улсын Хамгийн чухал үнэт зүйл, баялаг нь юм шүү!!! Л.Оюун-Эрдэнэ ээ.