Д.Сумъяабазар Нийслэлийн МАН-ыг БАЗАЖ чадалгүй М.Ганбаатарт нэг дүүргээ алджээ   

Хотын дарга Д.Сумъяабазар сүүлийн үед нэг зовлонтой нүүр тулаад буй. Тэр нь Нийслэлийн МАН-ын дарга гэх сэтэртэй мань эрхэм, нийслэлдээ нэр хүндээ алдаж буй явдал.

Тодруулбал, хэдхэн хоногийн өмнө Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргыг тодруулах сонгууль болсон. Энэ сонгуульд уг нь Нийслэлээ атгаж буй Д.Сумъяабазар ялалт байгуулна хэмээн итгэл төгс хэлж,  НИК-ийн хүргэн гэдгээс өөр овоглох юмгүй, гэхдээ Сүхбаатар дүүүргээс ИТХ-д нэр дэвшээд нэг суудал авсан М.Халиунбатыг нэр дэвшүүлсэн юм билээ. Энэ тухай намын дарга У.Хүрэлсүхдээ ч уламжилсан гэх. Гэтэл сонгууль болдог өдөр нь “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар заалнаас нэр дэвшээд 47:40 харьцаагаар ялалт байгуулчихсан аж. Нийслэлийн МАН-ын дарга дээр нь Улаанбаатар хотын захирагч учраас хотоо базна хэмээн намынхандаа бардамнаж байсан Д.Сумъяабазарт энэ бүхэн хүндхэн цохилт болж, арга ядсандаа” Заалнаас гарч нэр дэвшсэн хүнийг дэмжихгүй” гэж бачуурсан гэх. Энэ тухай намынхан нь ярьж “Уг нь Д.Сумъяабазар өөрөө заалнаас нэр дэвшиж ялалт байгуулсан. Тэгсэн атлаа М.Ганбаатарыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн нь инээдэмтэй” гэцгээж байна. Гэхдээ л сонгууль бол сонгууль. Угаас намдаа тэрслүүд хэмээгддэг М.Ганбаатар маргах юмгүйгээр Д.Сумъяабазарын багийг ялснаар түүнийг хүндхэн байдалд оруулчихаад байна.   

Д.Сумъяабазар нийслэлийн хамгийн том дүүрэг, дээр нь элитүүд багтдаг гэх Сүхбаатар дүүргийн МАН-ын хороог алдчихсан л болохоос их том амбицтай байгаа. Тэр нь энэ өдрүүдэд 100 жилийн ойгоо тэмдэглэж буй МАН удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд намын дарга У.Хүрэлсүхээ сойно. Үүний нотолгоо болж МАН-ынхан сүүлийн үед Эзэнтэй төрийн шийдвэрүүд гэсэн ПИ-АР-ыг эрчимжүүлж байгаа. Гэвч залуу үеэрээ бүрдүүлсэн гэх Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар тааруухан дүнтэй ажиллаж, сайд нар нь ч ар араасаа хөгөө чирсээр л байна.  Нөгөө талаар У.Хүрэлсүхийн аз нь дийлж Ерөнхийлөгчөөр сонгогдвол МАН-ын дараагийн даргад нэр дэвшинэ гэсэн амбиц намын залуучууд дунд яг одоо өрнөөд буй. Тэдний дунд Нийслэлийн МАН-ыг удирдаж буй Д.Сумъяабазар ч багтана. Гэтэл яг ийм улс төрийн эгзэгтэй үед Нийслэлийг бүрэн базсан гэж итгэж байсан мань эрхэм нэг дүүргийн намын даргын суудлыг алдсан нь Д.Сумъяабазар нам дотроо ч, нийслэлдээ ч нэр хүндээ алдаж буйгийн нотолгоо гэж харж болно.

Учир нь 2017 онд НИТХ-ын дарга, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй өөрийн хүсэлтээр ажлаа өгч байв. Тухайн үед  Бага хуралд оролцсон 369 төлөөлөгчөөс 50,6 хувь буюу ердөө гурвахан хүнээр ялалт байгуулж нийслэлийн МАН-ын хороог удирдах итгэл хүлээж байсан юм, Д.Сумъяабазар. Мөн тухайн үед намын дүрмийн дагуу заалснаас нэр дэвшиж гурван хүнээр ялалт байгуулсан түүнийг “19 жилийн турш нийслэлийн МАН-ыг тасралтгүй удирдсан хотын фракцийнхан  энэ удаад ялагдал хүлээсэн нь МАН-д шинэ салхи үлээж байгаатай холбоотой” гэцгээж байв. Тэгвэл өнгөрсөн хугацаанд Д.Сумъяабазар Нийслэлийн МАН-ын хувьд хангалттай сайн ажиллаж чадаагүй гэдэг нь нэгэнт тодорхой болж, нэг дүүрэгт явуулсан сонгуулиар нь огтоос төлөвлөөгүй байсан М.Ганбаатар ялалт байгуулж орхилоо.

Үргэлжлэл бий...