АФГАНИСТАН ЦЭРГҮҮДИЙН АМЬ НАСЫГ АВРАХАД МОНГОЛ ЦЭРГҮҮД ОНЦГОЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

2021 оны гуравдугаар сарын 30-ны өдөр ИБНАУ-ын нийслэл Кабул хотод алан хядагч террорист бүлэглэлүүдийн зүгээс Афганистаны олон нийтийг хамгаалах хүчний эсрэг чиглэгдсэн 3 удаагийн халдлага хийж, үүний улмаас 10 хүн амь нас үрэгдэж, 6 хүн шархадсан.

“Кабулын аюулгүй байдлыг хангах хүчин”-ээс Афганистаны үндэсний олон нийтийг хамгаалах хүчний шархадсан 6 цэргийн алба хаагчийг халдлага үйлдэгдсэн газраас татан гаргаж, хоёрдугаар шатны эмнэлэг рүү тээвэрлэх ажиллагааг зохион байгуулж явуулсан юм.

Тодруулбал, Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн бүрэлдэхүүн цагийн байдлыг үнэлж, шархтан тээвэрлэсэн техникийг шалган нэвтрүүлж, нисдэг тэргэнд шилжүүлэн тээвэрлэх үүргийг богино хугацаанд шуурхай гүйцэтгэснээр шархадсан цэргийн алба хаагчид цаг алдалгүй эмнэлгийн тусламж авч чадсан юм.

Кабулын аюулгүй байдлыг хангах хүчний удирдлагаас Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багт гүн талархал илэрхийлсэн бөгөөд “Монгол цэргүүд сонор сэрэмжээ алдалгүй, цагийн байдлыг үнэлж, шуурхай ажилласанд баярлалаа. Цэргийн хүний гол зарчим чадварлаг үүрэг гүйцэтгэлтээс гадна сонор сэрэмж, бие даан шийдвэр гаргах чадвар байдаг. Энэхүү чадварыг Монгол цэргүүд гарамгай эзэмшиж чаджээ” гэсэн юм.

Мөн Афганистаны үндэсний олон нийтийн хамгаалах хүчний холбогч офицер шархадсан цэргийн алба хаагчдыг тээвэрлэх, шилжүүлэх ажиллагааны үед шуурхай ажиллаж, дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн бүрэлдэхүүнд талархал илэрхийлсэн юм.