С.Амарсайхан: Би албан тушаалтай зууралдахгүй. Мэдээж хууль журмын хүрээнд шийдвэрлэх ёстой

УОК-ийн дарга,  Шадар сайд С.Амарсайханы гэргий С.Ичинхорлоогийн аав, ээж нь корона вирусийн халдвар авсан. Улмаар ХӨСҮТ-ийн Улаан бүс рүү аав, ээжийгээ сахина гэж ороод орчин нөхцөл муу гэдэг шалтгаанаар нэг хоноод гарсан гэх мэдээлэл түгсэн. Тэгвэл энэ мэдээлэлтэй холбоотойгоор УОК-ын дарга Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр:

"Надтай холбоотой асуудалд тайлбар хийе. Хэн нэгнийг зөвтгөж, эсвэл буруутгах гэж тайлбар хийж байгаа юм биш. Бодитой мэдээ мэдээллийг өгөх үүднээс олон нийтэд хандан тайлбар хийж байна. Манай эхнэрийн аав 100 хувийн асаргаанд байдаг. 80 гарсан хүн бий. Хоёр хөгшин хоёулаа халдварт өртсөн. Тийм учраас ХӨСҮТ-д халдвар хамгааллын дэглэм барьж хүргэж өгсөн. Мөн дэглэмийн дагуу холбогдох байгууллага, ХӨСҮТ-өөс өгсөн заавар зөвлөгөөний дагуу 14 хоног өөрийгөө тусгаарласан Энэ хугацаанд хэд хэдэн удаагийн шинжилгээ өгсөн. Өөрөө дам хавьтал гэдгээр тусгаарлагдсан. Хэд хэдэн удаагийн шинжилгээгээр хариу сөрөг гарсан. Тав хоногийн дараа тусгаарлалтын хугацаа дуусна.

Ахмад настнуудад халдварт өртсөн үед хүндээр өвчилж байгаа. Миний хувьд үүнийг биеэрээ мэдэрч явна. Тиймээс ахмад буурлуудаа халдвараас хамгаалах шаардлага байна шүү гэдгийг хэлье. Манай эхнэрийн хувьд халдвар гарсан голомт буюу эцэг, эхийнхээ гэрт очиж тусгаарлагдсан.Үүнд ямар нэгэн улс төрийн зорилго, дэгсдүүлсэн зүйл байхгүй. Халдвар хамгааллын дэглэмийг би болон манай гэр бүлийн хүн, хэн ч байсан зөрчих ёсгүй" гэлээ.

Дараа нь сэтгүүлчид асуулт асуусан. 

-Танай гэр бүлийн хүн яагаад  14 хоног тусгаарлагдаагүй гэр рүүгээ явсан юм бэ?

-Гэр рүүгээ яваагүй. Халдвар гарсан газар буюу аав, ээжийнхээ гэр рүү явсан. Манай хоёр хөгшин хаанаас халдвар авсан нь мэдэгдэхгүй байгаа. Тэнд очиж уулзсан учраас дам хавьтагч болж 14 хоногийн тусгаарлалтад орох шаардлагатай. Эмнэлэгт хүргэж өгсөн учраас халдвар гарсан газраа тусгаарлагдаж байгаа.

-Хэдэн удаа шинжилгээ өгсөн бэ?

-Өнөөдрийн байдлаар гурван шинжилгээ өгөхөд сөрөг гарсан. Тусгаарлалтад байх хугацаандаа дахин шинжилгээ өгнө. Манай эхнэр аавындаа очсоноос хойш 10 гаруй хоног уулзаагүй байгаа. Би хамгийн сүүлд 3 хоногийн өмнө шинжилгээ өгөхөд сөрөг гарсан. Бид ойр ойрхон байнга шинжилгээ өгч байгаа. Асуудлыг мэдэж байгаа хүмүүсийн хувь өөрсдөдөө давуу байдал олгож, хариуцлага алдаж болохгүй учраас ажлын албаныхныгаа ч ойр ойрхон шинжилгээнд хамруулж байна.

-Та хариуцлага хүлээх үү?

-Би албан тушаалтай зууралдаад байхгүй. Мэдээж хууль журмын хүрээнд шийдвэрлэх ёстой. Би өөрийгөө цар тахалтай тэмцэж байгаа гэж ойлгож байгаа.