Хөгжлийн банкнаас 33 тэрбумын зээл авсан гэх Г.Дамдинням БШУСБХ-ны даргаар томилогдлоо

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компани 33 тэрбум төгрөгийн зээл өгсөн талаар мэдээлэл гарсан.

Улмаар дээрх гишүүдийг шалгах прокурорын хүсэлт ирсэн гэх мэдээлэл гарч, энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өгөхдөө “Гишүүдтэй холбоотой прокуророос албан бичиг ирээгүй. Гишүүдийн нэр холбогдоод буй асуудал нь бизнес эрхэлж байхдаа авсан зээлийн асуудал юм билээ. Түүнээс биш УИХ-ын гишүүн болоод зээл авсан асуудал биш” хэмээн хэлж олны дургүйцлийг хүргэж байсан юм. 

Тэгвэл УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. Улмаар Боловсрол, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Г.Дамдинням гишүүнийг сонгохоор санал хурааж, 85.2 хувийн саналаар дэмжлээ. Үүнд олон нийт эгдүүцэж, 33 тэрбумын асуудалд нэр холбогдсон гишүүнийг Байнгын хорооны даргаар томилсон МАН боловсон хүчний хомсдолд оржээ хэмээн шүүмжилж байна.