Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг хуралдаж байна

Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг яг одоо хуралдаж байна. Хурлаар хөл хорио тогтоосон тохиолдолд халдварын эсрэг авах хариу арга хэмжээ, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж байгаа аж. 

УОК өчигдөр хуралдаж Эрүүл мэндийн яамны хөл хорио тогтоох тухай саналыг дэмжсэн. Ингэхдээ 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 04 сарын 18-ны өдөр хүртэл “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал”, эрсдэлийн УЛААН түвшинд шилжих саналыг Засгийн газарт танилцуулахаар болсон. Мөн өнөөдөр Ерөнхий сайд ХӨСҮТ-д ажиллах үеэр тус төвийн ерөнхий захирал Л.Баттөр коронавирусийн тархалт болон одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийх үеэрээ хөл хорио тогтоохгүй бол коронавирусийн тархалт зургаадугаар сарын дунд үед одоогийнхоос 10 дахин нэмэгдэх тооцооллыг танилцуулсан юм.

Тэгвэл УОК болон ХӨСҮТ-ийн саналыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар маргааш шийдвэрлэх юм. Хэрэв хатуу хөл хорио тогтоосон нөхцөлд нэг сая иргэнээ дархлаажуулна гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн. Тэрбээр өнөөдөр ХӨСҮТ-д ажиллах үеэр  хөл хорио тогтоох хугацаанд вакцинжуулалтыг эрчимжүүлнэ гэдгийг онцолсон юм.