Коронавирусийн халдварын үед голомтод ажиллаж байгаа эмч нар Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ

Дэлхийн эмч нарын өдрөөр Монголын эрүүл мэндийн салбарынхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдэв.

"Цар тахал ба цалин хөлс" сэдвийн хүрээнд коронавирусийн халдварын үед голомтод ажиллаж байгаа эмч нарын илүү цагийн мөнгө харилцан адилгүй байгаагаас гадна зарим дүүргийн эрүүл мэндийн төвүүд орон орж, хаалгаа барих хэмжээнд хүрчээ.

Эмч нарын төлөөллийн хэлж байгаагаар "Цар тахалтай жил гаруйн хугацаанд тэмцэж байгаа эмч, эмнэлгийн ажилчид өнгөрсөн хугацаанд гоншигнож олон зүйл ярьж, ажлаа хаяж яваагүй. Гэтэл цар тахалтай тэмцэж байгаа эмч нарын маань эрх зөрчигдөж, ажлын ачаалал нь ихссэн. Сүүлийн өдрүүдэд өвчитнүүдийн тоо эрс нэмэгдэж, тэнд ажиллаж байгаа эмч нарын ачаалал ихсэж, ядарч, туйлдаж, цөхөрч байна. Ийм үед цалинг нэмэх, илүү цагийн хөлсийг бодитой бодож олгох хэрэгтэй байна.

Дэлхийн олон оронд цар тахалтай тэмцэн ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарынхны цалин, урамшууллыг  нэмэгдүүлснээр сэтгэл ханамж өндөр байна. Жишээ нь ОХУ-д эмч, ажилчдынхаа цалинг 60-80.000 нэмэгдүүлэн олгосон. Тайвань улс мөн урамшуулал олгож, сэтгэлийн дэм өгч байна. Гэтэл Монгол Улсад цар тахалтай тэмцэж байгаа ажилтнуудын илүү цагийн хөлсийг хүртэл ялгавартайгаар олгож байна" гэлээ.

Дэлхий дахинд цар тахлын улмаас 18.000 гаруй эмч, эмнэлгийн ажилчин амь насаа алдсанаас 3000 гаруй нь сувилагч байна. Манай улсад сувилагч 600.000 төгрөгийн цалинтай. Үүнээсээ нийгмийн даатгалын шимтгэлээ төлнө. Нийт эмч, эмнэлгийн ажилчдын 90 орчим хувь нь цалингийн зээлтэй. Тиймээс яг өнөөдрийн нөхцөлд гар дээр үлдэх цалин 30.000-100.000 төгрөг үлддэг гэнэ. Баяр, амралтын өдрийг үл умартан 24 цагаар ажиллаж, гэр гэрийнхнээ хойш тавьсан эмч, эмнэлгийн байгууллагын ажилчдын цалинг нэмэгдүүлж, нийгмийн асуудалдаа санаа чилээхээргүй болгож өгөхийг хүсэв.

эх сурвалж: buzznews.mn