“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь стратегийн ач холбогдол бүхий төмөр зам, нүүрс баяжуулах үйлдвэр, дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалт зэрэг томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилготой санхүүгийн зах зээлд хамгийн өндөр дүн бүхий 2 их наяд хүртэлх төгрөгийн болон ам.долларын бонд гаргахаар төсөвлөсөн. Эхний ээлжид 600 тэрбум төгрөг хүртэл бондыг санал болгож, захиалга авч эхэллээ.
Бондын арилжаа эхэлж, төлөвлөсөн бүтээн байгуулалтуудад хөрөнгө оруулалт хийснээр 2021-2025 онд 186.1 сая тонн нүүрс олборлож, 172.6 сая тонн нүүрс борлуулж, нийт 10,742.4 сая ам.долларын орлоготой, 3,664.4 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллаж, улсын төсөвт 2,479.9 сая ам.доллар төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгааг өмнө нь компанийн удирдлагууд танилцуулж байсан.
Бондын арилжаа эхэлж, Хөрөнгийн бирж дээр цанх цохисон энэ өдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг "Арилжаа нээгдлээ. Бондыг 5 төрлийн төсөлд санхүүжүүлнэ. Үүнд
- Эхнийх нь говийн усан хангамж. Энэ төсөл 4.4 хувийн дотоодын үр өгөөжтэй.
- Нүүрс баяжуулах. 29.4 хувийн дотоодын өгөөжтэй.
- Тавантолгой дулааны цахилгаан станцын төсөл бий.
- Төмөр замын 2 төсөл бий. Дотоодын өгөөж нь 8.5-9.5 хувь
- Компанийн зардлын хэмнэлтийг бий болгох өөрийн тоног төхөөрөмжтэй болох
ЭТТ бондыг та бүхэнд санал болгож байна. Эрдэнэс-Тавантолгой ХК нээлттэй, ил тод, засаглал, зарцуулалт нь ч тодорхой байх ёстой. 2 дахь зах зээлийн ЭТТ-Бонд бол ил тодын ээлжит алхам. Та "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн хувьцаатай бол ЭТТ-Бонд авч хяналтаа нэмэгдүүлж, хөрөнгөө өсгөх боломжтой. ЭТТ-д итгэж болно" гэлээ.
ҮЙЛ ЯВДЛЫН ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ
https://www.facebook.com/watch/live/?v=302785847940240&ref=watch_permalink&t=0