АТГ-аас Эрдэнэт үйлдвэрийн хоёр албан тушаалтанг саатуулжээ

Авлигатай тэмцэх газраас “Эрдэнэт” үйлдвэрийн хоёр албан тушаалтныг саатуулжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, тус үйлдвэрийн Хангамжийн хэлтсийн орлогч дарга Ж.Ганзоригоос гадна нэг мэргэжилтэнг саатуулсан юм байна.

Дээрх албан тушаалтнуудыг тендертэй холбоотой асуудлаар саатуулсан байж болзошгүй аж.

Учир нь "Шилэн" Цогоо буюу Б.Цогтгэрэл өчигдөр "Эрдэнэт" үйлдвэрийн дугуйны тендерийн талаар нүүр номондоо нийтэлж, Авлигатай тэмцэх газарт хандахаа мэдэгдэж байсан юм. Тодруулбал, "Өмнөх тендерийг нь Брижстоне брэндийн нэр заасан байх тул гээд миний бие ШӨХТГ-т гомдол гарган зогсоолгосон юм. Гэтэл алдаагаа засч ахиад зарлалаа гэтэл ганцхан өөрчлөл техникийн үзүүлэлт дээр нэмсэн байна.

Энэ нь “ЭСХҮЛ" гэдэг үг нэмжээ.

Хардлага :

1. Зориуд тендерийг 2 удаа эзэнгүй шалгаруулж 3 дахь удаадаа шууд гэрээ байгуулах гэж байна.

2. 2 дахь удаа зарлахдаа Брижстоне дугуйны брэндийг ахин заасан нь Брижстонийг ганцхан шалгаруулах сонирхол байсаар байна.

3. Баяжмалаар бартер хийж Брижстоне дугуй өгөх гадаадын өөр нэгэн дистрибьютерийн лобби илт харагдаад байна.

Хэрэв энэ тендерт Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж энэ хэвээрээ үргэлжлэх аваас АТГ-т хандахаас өөр аргагүй юм.

Гэхдээ энэ удаад АТГ-т хандахдаа Иргэний хувиар бус УИХ-ын даргын Хяналт шинжилгээ, дэргэдэх байгууллагууд хариуцсан зөвлөхийн хувиар яг нүдэн дээр болоод байгаа асуудлын талаар өргөн далайцтай ажил зохион байгуулан шаардлага тавьж оролцохоос өөр аргагүйд хүрэх юм" хэмээсэн.