Л.Гүндалай: Ц.Оюунгэрэл бол Ц.Элбэгдоржийн хүн

АН-ын даргын сунгаа ойрын өдрүүдэд явагдаж байна. Ц.Тувааны АН-аас 4, С.Эрдэнийн АН-аас 4 гэхчлэн нийт 8 нэр дэвшигч өрсөлдөж буй. Мэдээж нэг биш хоёр ялагчтай. Тиймээс хэн хэнийгээ хүлээн зөвшөөрөхгүй, тамгаа булаалдах өнөөгийн өнгө төрхийг ялсан намын дарга нар үргэлжлүүлнэ гэсэн үг.

Өчигдөр С.Эрдэнийн гэх тодотолгой АН-ын даргад нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн болов. Энэ үеэр нэр дэвшигч Л.Гүндалай намын даргын сонгуульд нэр дэвшигчид бүгд эзэнтэй, үүрэг гүйцэтгэгчид хэмээн тодотгов.

Тэрбээр "Намын даргад нэр дэвшигчид бүгд эзэнтэй. Эзэн нь санхүүжилтийг нь гаргаж байгаа юм. Нөгөө 4 нэр дэвшигчийн хувьд Х.Баттулга эсвэл Н.Алтанхуягийг дэмжигч нөхөд. О.Цогтгэрэл бол Н.Алтанхуягийн хүн. Д.Пүрэвдаваа, О.Амартүвшин нар бол Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн. Тэндээс хэн нь ч ялалт байгуулсан Х.Баттулга, Н.Алтанхуяг нарыг дэмжигч, тэдний хүн гарч ирнэ.

Ц.Оюунгэрэл бол Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүн. Би Ц.Оюунгэрэлийг дэндүү сайн мэднэ. 2000-2003 онд миний зөвлөхөөр ажиллаж байсан. Энэ хүний түүх намтрыг ч илүү сайн мэднэ. Ц.Элбэгдоржтой тун ойр холбоотой, тэр хүн ард нь мөнгийг нь гаргаад явж байгаа. Ард түмнээс санхүүжилт босгосон энэ тэр бол худлаа. Магадгүй 89 сая төгрөгийн 88 саяыг нь Ц.Элбэгдорж янз бүрийн нэрээр хийсэн байх.

Ч.Өнөрбаяр бол Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нөгөө хувилбар нь. Хэрэв Ц.Оюунгэрэлийг эмэгтэй, гадаад нөхөртэй энэ тэр гээд дэмжлэг муу байвал Ч.Өнөрбаярыг гаргаж ирэх төлөвлөгөөтэй. Энэ хүн Ц.Элбэгдоржийн зөвлөх байсан залуу" гэлээ.

Харин Ц.Оюунгэрэл "Би бол Монголын эмэгтэйчүүдийн төлөөлж анх удаа АН-ын даргад нэр дэвшиж байна. Намайг дэмжиж, миний ард хүч оруулж байгаа гол хүмүүс бол эмэгтэй хүмүүс. Надад хандив өгсөн 832 хүн бий. Тэдний ихэнх нь эмэгтэйчүүд. Өнөөдөр тэдгээр хүний 630 хүний хандивыг буцаан шилжүүлсэн. Ойрын үед 172 хүний хандивыг буцаан явуулна. 500.000-3.000.000 төгрөгийн хандив өгсөн олон хүн бий. Тэр хүмүүсийн хандивыг хувь тэнцүүлэн буцаан олгоно. Намайг энэ сонгуульд зориглон дэмжиж байгаа эмэгтэйчүүддээ баярлалаа" хэмээв.

эх сурвалж:buzznews.mn