Улаанбаатараас Булган аймгийн Могод суманд очсон нэг иргэний шинжилгээнээс “Ковид-19” илэрчээ

Нийслэл Улаанбаатар хотоос Булган аймгийн Могод суманд зорчин ирсэн 3 иргэний нэг нь “Ковид-19”-ийн халдвар авсан болох нь шинжилгээгээр батлагдаад байна. Тус иргэд 2021 оны 03 дугаар сарын 21 –ны өдөр өглөө 10:00 цагийн орчим Могод суманд ирсэн бөгөөд мөн өдрийн орой 22:00 цагт Улаанбаатар хот руу буцсан.

Нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн ОК-ын шуурхай штаб яаралтай горимоор хуралдаж Хариу арга хэмжээний 1 дүгээр багийг Могод суманд томилон ажиллуулж байна.

Тус хариу арга хэмжээний баг нийслэл Улаанбаатар хотоос ирсэн иргэдийн зорчсон маршрут, уулзсан иргэд, үйлчлүүлсэн дэлгүүр зэрэг ойрын хавьтал болох иргэдийн мэдээллийг тандан сумаас орж гарах хөдөлгөөнийг бүрэн хааж, ариутгал халдваргүйтгэл хийх ажлыг шуурхай зохион байгуулан ажиллаж байна.

Иймд иргэд та бүхэн баталгаагүй албан бус мэдээлэлд автахгүй байж, мэргэжлийн байгууллага, баталгаат эх сурвалжийн мэдээллийг хүлээн авч заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулж байна.

Иргэд та бүхэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, амны хаалтаа тогтмол зөв зүүж, олон хүн цугларсан газар очихгүй байх, хүн хоорондын зайг баримтлах, гэртэй зочин урихгүй байж, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийхийг зөвлөж байна.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС