Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаад

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жилд нэг удаа "Чингис хаан" одон гардуулдаг. Тэгвэл монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлагч Х.Баттулга "Чингис хаан" одонг сансрын нисгэгч Ж.Гүррагчаад гардууллаа. 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа нь ЗХУ-ын сансрын нисгэгч В.А.Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны 14:58 цагт тухайн үеийн ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн байдаг. Тэрбээр, Монголоос сансарт ниссэн анхны нисэгч, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн хэмээн сансар судлалын түүхэнд бичигдсэн ажээ.

Түүнчлэн "Чингис хаан" одонгоор Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавъяа байгуулсан иргэнийг шагнаж, одонг батламж, үнэмлэхийн хамт гардуулдаг.

Чингис хаан одонг дараах эрхэм, нэр хүндтэй хүмүүст олгоод байгаа юм.

  • 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат
  • 2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав
  • 2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн
  • 2010 онд Төр, нийгмийн зүтгэлтэн Раднаасүмбэрэлийн Гончигдорж
  • 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди
  • 2012 онд УИХ-ын гишүүн асан Дамдины Дэмбэрэл
  • 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содном
  • 2014 онд нэрт эрдэмтэн, физикч Хавтгайн Намсрай
  • 2015 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо
  • 2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатар
  • 2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар олимпын аварга Найдангийн Түвшинбаяр
  • 2019 онд Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодог Хү хамтлаг