Өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Б.Баасанцогт, Х.Идэр нарын бас нэг бичлэг цацагдсан. Энэ бичлэг нь хөл хорионы үеэр хөдөлгөөн хязгаарласан хугацаанд дээрх хүмүүс тээврийн хэрэгсэл жолоодон, ажлын үнэмлэхээрээ хөдөлгөөнд оролцсон. Энэ үед замын цагдаа зогсоож, тэднээс зарим асуултад хариулт авч буй бичлэг цахим орчинд тархсан юм. Үүнтэй зэрэгцээд олон нийтийн сүлжээнд замын цагдаа нар яагаад бичлэг ил болгосон. Энэ нь улс төрийн зорилготой юм бишүү гэсэн хардлага, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Тэгвэл энэ асуудалд холбогдсон замын цагдаагийн алба хаагчийг шалгаж эхэлжээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс өнөөдөр мэдээлэл өгсөн юм.
ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.БААТАРХҮҮ:
-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Б.Баасанцогт, Х.Идэр нарыг хөл хорионы үеэр хөдөлгөөн хязгаарласан хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодон, ажлын үнэмлэхээрээ хөдөлгөөнд оролцож байх үед нь замын цагдаа зогсоож буй бичлэг цахим сошиалд тархаад байна. Энэ асуудалд замын цагдаагийн алба хаагчийг шалгаж эхэлсэн. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэсгийн алба хаагчдад алба хаагчдын зорчих чиглэлийн дагуу замын хөдөлгөөний зохицуулалтад автомашин, суурин станц, машины станц, гар станц, энгэрийн камер, бэлэн бус торгуулийн хуудасны машин байдаг. Гэхдээ алба хаагчийн ажлын хэрэгцээнд ашиглах энгэрийн камерын бичлэг хэрхэн, яагаад алдагдсан болохыг мөрдөн байцаалтын үеэр шалгах учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Тэр бичлэгийг хэн хүссэн нь олон нийтэд тавихгүй. Харин прокурорын зөвшөөрлөөр олон нийтэд ил болгох ёстой. Шалгаад эргэж мэдээлэх болно" гэв.