Нийслэлийн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2021.03.19/ “Монгол газар корпорейшн” ХХК-ийн захирал Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарт холбогдох хэргийг хэлэлцэн, гэм буруутайд тооцож, хорих ял оноожээ. Тодруулбал, Ц.Мянганбаярт 6 жил, Х.Даржаад 5.6 жилийн хорих ял оноож, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Тэднийг залилах гэмт хэргийг гэрээгээр халхавчлан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, амьдралын эх үүсвэрээ болгох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо хэмээн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээн
Хэргийн сануулбал, Ц.Мянганбаяр, Х.Даржаа нар нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт алт олборлох чиглэлээр аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллана хэмээн хууран мэхэлсэн нь тогтоогдсон гэж шүүх үзжээ.
Түүнчлэн Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарын хувьд өмнө нь эрүүгийн хэрэгт ял шийтгүүлж байсан. Тодруулбал, Х.Даржаа өмнө нь бас бусдыг залилсан хэрэгт ял шийтгүүлж, хорихоос суллагдаж байсан ажээ. Харин Ц.Мянганбаяр нь Орхон голыг бохирдуулсан хэрэгт гүйцэтгэх захирал У.Даш тэргүүтэй 50 гаруй хүний хамт шалгуулж, нөхөн сэргээх нэрээр гэрээ байгуулан алт олборлуулсан үндэслэлээр 19.2 сая төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн. Улмаар 2015 онд “Монгол газар” ХХК дампуурлаа зарласан бөгөөд тус компани нийгмийн даатгалд 10, Монголбанканд 30 гаруй, аж ахуйн нэгжүүдэд олон тэрбум төгрөгийн өртэй хэмээн тухайн үед хэвлэлд мэдээлж байсан юм.