КАНЗАС ХОТЫН МИССУРИГИЙН ИХ СУРГУУЛЬД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР СУРАЛЦАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Боловсрол, шинжлэх ухааны яам, АНУ-ын Канзас хотын Миссуригийн их сургууль хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Монгол Улсын Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан, Миссуригийн их сургуулийн ректор Женнифер Лундгрен нар өнөө өглөө Монголын цагаар 06:00 цагт гарын үсэг зурав. Цахимаар зохион байгуулсан арга хэмжээнд Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр оролцлоо.

Энэхүү санамж бичгийг байгуулснаар Монголын хүүхэд, залуус Канзас хотын Миссуригийн их сургуулийн бизнесийн сургуулийн бакалавр, магистрын сургалтыг дотоодын оюутны зардлаар, инженер, шинжлэх ухааны сургуульд 8500 ам. долларын хөнгөлөлттэйгээр суралцах боломж бүрдэж байна.

Бакалаврын ангид элсэх хүсэлт гаргаж байгаа ЕБС төгсөгчийн дүн хамгийн багадаа 80+ байна. Магистрын хувьд голч дүн 3 байх ёстой. Элсэгч нь TOEFL IBT 79-с дээш, IELTS 6.5 оноотой байна.

Америкийн Нэгдсэн Улсын Канзас хотын Миссуригийн их сургуулийн гадаад оюутны нэг жилийн дундаж төлбөр 24.000 ам.доллар 4 жилийн хугацаанд 96.000 ам. доллар байдаг бол энэ гэрээний хүрээнд Монгол оюутнууд жилд 9900 ам доллар буюу 4 жилийн хугацаанд 39.600 ам доллараар суралцах эрх нээгдэж байна.

Харин магистрын сургалтад хамрагдах оюутнууд бизнесийн сургуульд дотоодын оюутны зардлаар, инженер, шинжлэх ухааны сургуульд 8.500 ам долларын хөнгөлөлттэйгээр суралцах эрхтэй.

Цаашид Боловсрол, Шинжлэх Ухааны яамны зүгээс АШУҮИС-ийг Миссуригийн их сургуультай холбон хос дипломтай төгсгөх хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Канзас хотын Миссуригийн их сургууль нь 1929 онд байгуулагдсан инженер, технологи, шинжлэх ухаан, анагаах ухаан, компьютер зэрэг мэргэжлийн тэргүүлэх чиглэлийн бакалавр, магистрын сургалттай мужийн сургууль бөгөөд өнөөдрийн байдлаар 16000 гаруй оюутан суралцаж байна.