МАН-ынхан Ё.Отгонбаярыг АНУ-д суух Элчин сайдын суудалд нь арай гэж авч үлдэв

УИХ-ын өнөөдрийн чуулганаар АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах эсэх асуудлыг хэлэлцсэн. Улмаар УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос гаргасан эгүүлэн татах нөхцөл үүсээгүй гэх саналыг чуулганаар дэмжлээ. 

Гэхдээ МАН-ынхан энэ удаад АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Ё.Отгонбаярыг арай гэж авч үлдлээ гэж хэлж болно. Учир нь санал хураалтад 69 гишүүн оролцсоноос 38 нь дэмжсэн бол 31 нь түүнийг эгүүлэн татах нь зөв хэмээн саналаа өгөв. Мөн түүнийг эгүүлэн татах нь зөв хэмээгсдийн дунд намдаа нөлөө бүхий эрхмүүд байсан нь "МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүд бүгд түүнийг авч үлдэх кноп дарах байх" гэсэн иргэдийн бодлыг үгүй хийв. Нөгөө талаар МАН-ын гишүүд ч Ё.Отгонбаярыг ажлаа сайн хийхгүй байна гэсэн Ерөнхийлөгчийн байр суурьтай санал нэг байсан нь дээрх санал хураалтаас харагдлаа гэж болно.  

Одоо уг саналаа албажуулж, Ерөнхийлөгчид өргөн барина.