Хууль шүүхийнхний хонгилын дуулианы үеэр УЕП-ын орлогч М.Чинбат тэргүүтэй ангижавуудын шинэ хонгилын сүлжээ яригдах боллоо.
Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Д.Энхтөр, МУИС-ийн багш Д.Янжинхорлоо, Баянзүрх дүүргийн ерөнхий прокурор Ц.Батболд, 325 тоот нотариатч Б.Батсүрэн, Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан нар нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийг 1995 онд төгссөн нэг ангийн найзууд. Тус ангийнхны дунд шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч, хууль эрх зүйн чиглэлийн багш нар олон бий. Ангийнхны нэг хэсэг нь эхнээсээ хонгил үүсгэсэн үү гэж хэвлэлээр бичигдэж эхлэв.
Ангийн төгсөгчдийн нэг болох МУИС-ийн багш Д.Янжинхорлоо нь хуурамч гарын үсэг үйлдэн бусдын өмч хөрөнгийг завшсан байж болзошгүй гэх гомдлоор хууль хяналтын байгууллагаар шалгагджээ. Д.Янжинхорлоо нь хуульч, багш хүн байж бусдын өмнөөс хуурамч гарын үсэг үйлдэж, энэхүү хуурамч гарын үсгээ ашиглан үл хөдлөхийн шинэ гэрчилгээ авахдаа Нотариатчдын танхимын ерөнхийлөгч Р.Онончимэгийг хууль бус үйлдэлдээ татан оролцуулсан гэх мэдээлэл байна.
Тодруулбал, 6 давхрын обьектийн гуравдугаар давхар нь О гэх иргэний нэрэн дээр өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн албан ёсны гэрчилгээтэй байв. Гэтэл Д.Янжинхорлоо 2009 оны аравдугаар сарын 16-ны өдөр гарын үсгийг хуурамчаар үйлдэн жинхэнэ өмчлөгч нь нотиаратад биеэрээ очоогүй байхад гэрээг нь 83 тоот нотариатч М.Саранцэцэг баталгаажуулан, улмаар анхны Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулан Д.Янжинхорлоо өөрийн нэрийг хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлж авчээ. Д.Янжинхорлоогийн үйлдсэн хуурамч гарын үсэг нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн тоот дүгнэлтээр “О-гийн гарын үсэг, бичгийн хэвтэй тохирохгүй, гарын үсэг биш байна” гэдэг нь тогтоогдчихсон. Гэтэл прокурорын байгууллага буюу түүний прокурор ангийн найз нөхөд нь үзэхдээ “Хуурамч бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийн шинжтэй ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэн залилан хийсэн байх магадлал бүхий талд орж хэргийг хаажээ.
Залилангийн шинжтэй эдгээр хэрэгт Д.Янжинхорлоогийн ангийн анд Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Д.Энхтөр, Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат нар оролцож шийдвэр гаргалтад нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй юм. Улсын прокурорын орлогч М.Чинбат энэ хоёрдугаар сарын 9-ний өдөр № 1/368 тоот тушаал дээр “Д.Янжинхорлоогийн үйлдэл эд хөрөнгийн өмчлөлд шинээр өмчлөгч нэмэх, хасах хэлцлээс үүссэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиилагааны журмаар шийдвэрлэгдэх асуудал, Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн, прокуророос хэргийг хааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байгаа тул гомдлыг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг гаргаж байна” гэсэн дүгнэлтээс харж болно.
Хууль, эрх зүйч мэргэжил эзэмшсэн нэг ангийнхан нэгнийхээ хуудуутай хэрэгт оролцож, залилангийн шинжтэй үйдллийг нь хаацайлж суух ёс зүй тэдэнд бий юу. УЕП-ын орлогч М.Чинбат, Д.Энхтөр нар одоо ангийн анд найзынхаа хэрэгт чухам ямар оролцоотой байсан бэ гэдгээ олон нийтэд ил гарч ирэн ярилцлага, мэдээлэл өгөх хэрэгтэй болов уу? Өмгөөлөгч Б.Баасанцогт 10 гаруй шүүгч нарт мөнгө шилжүүлсэн баримт дэлгэгдээд байгаа энэ үед М.Чинбатын тэргүүлсэн хуулийнхны сүлжээ хэргүүд дээр хэрхэн ажилладаг вэ. Иргэдийг хохироож өмч хөрөнгө булаадаг хэрэгт оролцдог уу?
сэтгүүлч Ч.ЦЭЦЭГ