С.Энхболд:

Коронавирусээр өвчилсөн иргэний ойрын хавьталн 70 настай иргэн "Mongolica" зочид буудалд тусгаарлалтад байхдаа нас барсан харамсалтай явдал болжээ. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр мэдэгдлээ.

Тэрбээр “Mongolica тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан 70 настай эмэгтэй нас барсан. Талийгаач Төв аймагт оршин суух хаягтай, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байсан учраас гуравдугаар сарын 11-нд “Монголика” тусгаарлах байранд тусгаарласан. Улмаар 12-нд PCR шинжилгээ авахад сөрөг буюу халдваргүй гарсан. Тэрээр  Төв аймагт ганцаараа амьдардаг,  хоёрдугаарт ойрын хавьтал байсан учраас долоо хоног тусгаарлах ёстой. Тусгаарлах байранд ирэх үед нь сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс эмч үзэхэд хөнгөн хэлбэрийн ой тогтоолт  алдагдалттай,  хөнгөн хэлбэрийн сэтгэцийн өөрчлөлттэй байна гэсэн дүгнэлттэй. Өдөрт  4-5 удаа эмч тогтмол үзлэг хийж байсан ч өчигдөр /2021.03.14/  гэнэт нас барсан. Хэрэв ар гэрийнхэн нь хүсвэл  задлан шинжилгээ хийж нас баралтын шалтгааныг эцэслэнэ. Урьдчилсан дүгнэлтээр  нас барсан шалтгаан нь суурь өвчин байх магадлалтай гэж гарсан. Энэ хүн бол эрсдэл багатай хүн байсан” гэлээ.

Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-ЗГ-аас Нэг хаалга-Нэг шинжилгээ арга хэмжээг зохион байгуулсан. Гэвч халдвар авсан хүний тоо нэмэгдээд байна. Яагаад вэ. Энэ арга хэмжээ үр дүнгүй болсон гэж ойлгож болох уу?

-Нэг хаалга-нэг шинжилгээ үр дүнтэй арга хэмжээ болсон. Энэ арга хэмжээгээр 33 голомтыг илрүүлсэн. Халдвар ихэссэн шалтгаан нь олон нийтийн арга хэмжээ зохион байгуулсан, хүний бөөгнөрөл их болсонтой холбоотой. Мөн шөнийн цагаар хөл хөдөлгөөн ихэсч, баар цэнгээний газрууд ажиллаж эхэлсэн.  Энэ болгон цар тахал нэмэгдэх үндэслэл болсон. Энэ бүхэнд эрүүл мэндийн салбарынхан ажиллаж ирсэн. Энэ бүхнээс үүдэн ЭМЯ-аас УОК-т саналаа оруулсан. Ингэснээр УЛБАР ШАР түвшинд хорио тогтоож, 14 салбарын үйл ажиллагааг хязгаарлуулаад байна. 

Covid-19 халдварын үед Засгийн газар 5.1 их наядыг зарцуулах төсөвт суулгасан. Хэдийг нь, юунд зарцуулаад байна вэ?

-Эрүүл мэндийн салбарт 1.1 их наядыг зарцуулах тооцоо гараад даатгалын сангаараа дамжуулаад явж байна.

-АстраЗеника вакциныг Европын зарим улсуудад хориглолоо. Манай улсад хэрхэх вэ. 65-аас дээш насныханд хийж болохгүй гэж ойлгосон?

-Зарим улсад түр зогсоосон. Хэрэглэхийг нь бол зогсоогоогүй. Бүрэн хориогүй. Манай улсад үргэлжлүүлэн хийж байна.  Хуваарийн дагуу вакцинжуулалтаа хийж байна. Өнөөдрийг хүртэл 65-аас дээш насны иргэдэд вакцин хийгээгүй. Ирэх долоо хоногт багш нар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд вакцин хийнэ.

-Иргэд сонголтоороо вакцинаа хийлгэж болох уу?

-Сонгож хийлгэнэ гэдэг буруу ойлголт яваад байна. Таны биеийн байдлыг харгалзан үзэж аль тохирох вакциныг хийнэ. Түүнээс биш вакцинаа сонгож хийлгэнэ гэсэн ойлголт байхгүй. Сонголтоор биш эмчийн заалтаар хийж байгаа. Үүнийг ард иргэд ойлгох хэрэгтэй. Очиход 4 вакцин хийхэд байх юм байна. Түүнээс нь сонгох юм байна гэсэн буруу ойлголт байна. 

-Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс халдвар илрүүлэх оношлуур хэзээ хэрэглээнд нэвтрэх вэ?

-Энэ нь эмнэлзүйн шатаа бол давсан. 50 хүн дээр туршихад үр дүн 100 хувь баталгаажсан. Одоо дараагийн буюу бүтээгдэхүүн нийлүүлэх үе шатандаа явж байна.