Ж.Байгалмаа: 17894  сорьцод шинжилгээ хийхэд  128  хүнээс covid-19 илэрлээ

ЭМЯ-аас ковид-19 цар  тахлын талаархи ээлжит мэдээллийг өглөө. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: 

-Өнгөрсөн 24 цагт 17894  сорьцод шинжилгээ хийхэд  128  хүнээс covid-19 илэрлээ. Эдгээрийн 127 хүн нь Улаанбаатараас илэрсэн бол Будапешт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг хүнээс covid-19 илэрсэн. Ингэснээр улсын хэмжээнд халдварын нийт батлагдсан тохиолдол 3960 боллоо.  Дотоодод халдвар авсан хүний тоо  3400, гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол 423 боллоо.

Түүнчлэн шинээр батлагдсан 128 хүний 122 нь ойрын хавьтал. Таван хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор тандалт судалгаа үргэлжилж байна. Халдварын эх уурхай нь тодорхойгүй хүмүүсийн байршлын тухайд,

  • Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо
  • Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо
  • Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо
  • Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо

Завхан аймагт өнөөдрийн байдлаар covid-19 халдварын батлагдсан тохиолдол 4.  Ойрын хавьтлын найман хүнийг тусгаарлаж байна.  Мөн Төв аймагт  халдварын нийт батлагдсан тохиолдол 15 болсон. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх нярай эмэгтэйчүүдийн хоёрдугаар төв, Завхан, Төв аймагт нийт 943 хүн эмчлүүлж байна. Тэдний 872 нь биеийн байдал хөнгөн, 63 хүний бие хүндэвтэр, зургаан хүн хүнд, хоёр хүний биеийн байдал нэн хүнд байна гэсэн юм.

Түүнчлэн сүүлийн өдрүүдэд цар тахлаар өвчилсөн хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа тул иргэдийг нийгмийн харилцаанд аль болох бага оролцохыг зөвлөснөөс гадна эрүүл мэндийн салбарт цусан хангамжийн асуудал тулгамдаж байгаа тул иргэдийг сайн дураараа цусаа хандивлахыг уриаллаа.