ХӨСҮТ:  80 тохиолдол шинээр бүртгэгдэж, нэг хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын нөхцөл байдлын талаархи ээлжит мэдээллийг өгч байна. 

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэнгийн хэлснээр өчигдөр нийт 21185  хүний сорьцод шинжилгээ хийхэд 80 хүнээс covid-19 илэрчээ. Мөн 21 хоног эмчилгээ хийлгэж байсан халдвартай, 76 настай эмэгтэй нас баржээ. Тухайн хүн 20 хоног эрчимт эмчилгээнд эмчлүүлж байгаад covid-19 халдвар нь уушгины хатгалгаа болон хүндэрч нас барсан байна. Батлагдсан тохиолдлуудын хувьд:

  • Улаанбаатарт covid-19 халдварын 79 шинэ тохиолдол батлагдсан.
  • Төв аймагт 1 тохиолдол бүртгэгдлээ.

Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт тохиолдол  3561 болж, нийт халдвар авсан иргэдийн 80 хувь нь эдгэрсэн. Түүнчлэн хавьтал судлалын байдлын хувьд шинээр халдвар авсан 80 хүний 77 нь ойрын хавьтал. Тэдний 65 нь эхний PCR шинжилгээгээр онош батлагдсан бол 12 нь давтан шинжилгээгээр илэрлээ. Одоогоор гурван хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна. Эдгээр хүмүүсийн байршлын хувьд Баянзүрх дүүргийн 14 дугаар хороо, СХД-ийн 6 дугаар хороо, Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд тус тус бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх нярай эмэгтэйчүүдийн эмнэлэг, Завхан, Төв аймгийн эмнэлэгт 677 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлэгчдийн 644 нь биеийн байдал хөнгөн, 43 хүний биеийн байдал хүндэвтэр, хүнд 6, нэн хүнд хоёр өвчтөн байна гэсэн юм.

https://www.facebook.com/www.moh.gov.mn/videos/772415933700175