Улсын дээд шүүх өнгөрсөн нэгдүгээр сарын 15-нд Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг хэлэлцээд анхан болон давж заалдах шатны ял оноосон шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Ингэхдээ түүнийг суллахгүй, үргэлжлүүлэн цагдан хорих шийдвэр гаргасан нь маргаан дагуулаад байсан.
Үүнтэй холбоотойгоор өмгөөлөгч Д.Батсүх, Б.Баясгалан, Г.Оюунцэцэг нар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Шүүгдэгч Ж.Эрдэнэбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай” хүсэлтийг гаргасан ч хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн билээ.
Иймд Ж.Эрдэнэбатын өмгөөлөгч нар хуульд олгогдсон эрх үүргийн дагуу уг захирамжийг эс зөвшөөрч, тус шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан. Тэгвэл түүний өмгөөлөгч нарын хүсэлтийг Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр /2021.03.03/ 10.00 цагт хэлэлцжээ. Улмаар шүүхээс Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, түүнтэй хамт шүүгдсэн Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарыг суллах шийдвэрийг гаргасан байна.