Алба хаагчид 178 байршилд гурван ээлжээр хөл хорионы дэглэмийг мөрдүүлж ажиллажээ

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 27 дугаар тогтоолоор нийслэлд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 02 дугаар сарын 11-23-ны өдрүүдэд нийслэлийн хүрээний алба хаагчид иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж, хөл хорионы дэглэмийг мөрдүүлж ажиллалаа.

Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Иргэдийг гамшгаас хамгаалах сургалтын төв, нийслэлийн Аврах 105, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсүүд,  Дулааны цахилгаан станц 3, 4 гэрээт галын хэсгийн алба хаагчид, Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн сонсогч зэрэг нийт 350 гаруй алба хаагч 178 байршилд,  гурван ээлжээр 288 цагийн үүрэг гүйцэтгэсэн байна.

Алба хаагчид өглөөний /07:00-15:00/, өдрийн /15:00-23:00/, шөнийн /23:00-07:00/ тогтоосон цагуудад иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж, хөл хорионы дэглэмийг мөрдүүлж ажилласан.

Үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдыг ZOOM аппликейшн ашиглан тодорхой цагуудад бүртгэж, үүрэг гүйцэтгэж байгаа байршилд дээрх нөхцөл байдлын талаар шууд мэдээлэл хүлээн авч байснаараа онцлог байлаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.