“Токио-2020” олимпийн наадмыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгчөөр Япон улсын Олимпийн сайд, “Альбервилль-1992” олимпийн тэшүүрийн хүрэл медальт, 56 настай хатагтай Сейко Хашимото томилогдлоо. Тэрбээр өнөөдөр Япон улсын Ерөхий сайд Ёшихидэ Сүгатай уулзан, Зохион байгуулах хорооны ерөнхийлөгчийн ажлаа хүлээн авч, Японы Засгийн газрын гишүүний албаа хүлээлгэн өгсөн байна. С.Хашимото нь Олимпийн сайдын албыг хаших үедээ “Токио-2020” олимп, паралимпийн наадам, эмэгтэйчүүдийн эрх мэдэл, жендерийн тэгш байдлыг хариуцан ажиллаж байсан юм.
Үүнтэй холбоотойгоор ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах:
“Олимпийн тамирчин С.Хашимото нь Токио-2020 олимпийн наадмыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгчөөр томилогдсонд чин сэтгэлээсээ баяр хүргэе. Олимпийн наадамд Япон улсын багийг удирдан оролцож, өөрөө ч тамирчин үедээ олимпийн медаль хүртэж байсан хүн энэ албан тушаалыг хаших болсон нь маш зөв, хамгийн сайн сонголт боллоо” гэжээ. Мөн ОУОХ нь “Токио-2020” олимпийн наадмыг аюулгүй, амжилттай зохион байгуулахын тулд Япон улсын Засгийн газар, Токио хотын захиргаа, Японы олимпийн хороо, ЗБХ-той урьдын адил тууштай хамтарч ажиллана гэдгээ дахин дурьдсан байна.
Түүнчлэн ОУОХ-ны Токио-2020 олимпийн наадмыг зохицуулах комиссын дарга Жон Коутс: “Бид Сейко Хашимотог Олимпийн сайдаар томилогдсоноос хойш нягт хамтран ажиллаж ирсэн. Бидний хамтын ажиллагаа цаашид улам өргөжихийг тэсэн ядан хүлээж байна. Түүний улс төрийн ажлын туршлага Зохион байгуулах хорооны үйл ажиллагаанд их хэрэг болно” гэж тэмдэглэжээ.
Сонирхуулахад, Сейко Хашимото нь нийт 7 удаа өвөл, зуны олимпийн наадамд гүйлтийн тэшүүр, дугуйн ханан тойргийн уралдааны (Cycling track) төрлөөр өрсөлдсөн тамирчин бөгөөд Албервилль-1992 өвлийн олимпод тэшүүрийн 1500 метрийн зайд хүрэл медаль зүүж, Саппоро-1986 & 1990 Азийн өвлийн наадмаас нийт 6 алтан медаль хүртэж байжээ. Мөн эмэгтэйчүүдийн дугуйн ханан тойргийн төрөлд Азийн наадамд III байр эзэлсэн байна.