Б.Баатархүү: Тамирчдын нэг нь гадны нөлөөтэй, нөгөө нь өндрөөс унаж амь насаа алдсан байдал тогтоогдсон

Харамсалтайгаар амиа алдсан тамирчдын талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү "Энэ сарын  7-ны өдрийн 03.00 цагт Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүн нас барсан гэсэн дуудлага мэдээлэл эрүүл мэндийн байгууллагад ирсэн. Тэр даруй цагдаагийн байгууллага хэргийн газарт очиж ажилласан. Хэргийн газрын үзлэгээр 23 настай Ц гадны нөлөөтэй амь насаа алдсан, 20 настай И өндрөөс унасан байдалтай амь насаа алдсан нөхцөл байдал тогтоогдож байна. Энэ хэрэгт Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Цахим мэдээллийн хэрэгслээр хэргийн талаар олон зүйл яригдаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа нөхцөл байдал, болсон үйл явдал тодорхой болдог. Хэргийн талаар худал ташаа мэдээлэл их гарч байна. Мөрдөн шалгах явцад авагдаж байгаа нотлох баримт, мэдээллийг бид хэлэх боломжгүй. Хуулиараа хориотой. Цагдаагийн байгууллага шалгаад, хуулийн хугацаанд хэргийг шийднэ. Шаардлагатай гэвэл прокуророос зөвшөөрөл авч олон нийтэд мэдээлэх эсэх асуудал яригдана.

Иймээс иргэд олон нийт хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байхад буруу ташаа мэдээлэл олон нийтийн хэрэгслээр гаргахгүй байхыг хүсье. Шаардлагатай гэж үзвэл бид прокурорын байгууллагаас зөвшөөрөл авсны дараа мэдээлэх эсэх асуудал яригдана” гэлээ.