УЦУОШГ: Энэ сарын 11-нээс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

2021 оны 02 дугаар сарын 08-наас 02  дугаар сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 Хоёрдугаар сарын 9-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шууна. Салхи 9-нд Алтайн салбар уулсаар, 10-нд нутгийн зарим газраар,11-нд нутгийн зүүн хэсгээр секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 15-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 5-10 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна. 10-нд нутгийн баруун хэсгээр, 11-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.