Шуурхай штабын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийнхөн 16 хоног хатуу хөл хорио тогтоох ёстой гэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Шадар сайд С.Амарсайхан нар Улсын онцгой байдлын Шуурхай штабын үйл ажиллагаа, цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа. 

Энэ үеэр Эрүүл мэндийн яамнаас Цагаан сарын баярын үеэр улс даяар хатуу хөл хорио тогтоох саналыг бэлтгэж байгаа талаараа танилцууллаа. Тодруулбал, Шуурхай штабын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс хийсэн тооцоолол, судалгааг танилцууллаа. Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Улам-Оргих "Энэ долоо хоногийн Бямба гарагаас эхлэн 16 хоног хөл хориог тогтоох зайлшгүй шаардлагатай байна. Хоёрдугаар сарын 6-наас эхлэн 21-нийг дуустал 16 хоногийн хугацаанд Бүх нийтийн бэлэн байдалд шилжин хатуу хөл хорио тогтоох санал бэлтгэсэн байна. Хоёрт, ажлын тав хоног, амралтын дөрвөн хоног өдөр буюу үндсэндээ нийт 9 хоногийн хөл хорионы сратегийг хэрэгжүүлэхээр тооцсон. Хүн амын дунд халдварын тархалт өндөр байгаа учраас хөл хорио тогтоох нь хамгийн зөв гэв. Ингэхдээ ирэх бямба гаригаас эхлээд хөдөлгөөнийг багасгаж, тэрний дараагийн долоо хоногоос илүү өндөржүүлсэн чанга хөл хориог тогтоох хэрэгтэй. Энэ нь халдварын тархалтын хумих, хянах сүүлийн боломж. Хавар дулаарч, хүний хөдөлгөөн нэмэгдэхээр дэгдэлт улам нэмэгдэх магадлалтай гэв.  

Хэрвээ бид хөл хорио тогтоохгүй бол гуравдугаар сард эмнэлгийн ачаалал 3000  давж, Улаанбаатарын эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй. Энэ үед зөвхөн хүнд өвчтөнийг л эмнэлэгт эмчлэх, хөнгөн өвчтөнүүдийг гэрт эмчлэх олон улсуудын хэрэглэж байгаа арга руу орно. Энэ нөхцөлд халдвар авсан хүн амын хоёр хувь нас барах эрсдэлтэй бөгөөд энэ бол хүсээд байх зүйл биш юм. Энэ нөхцөлд эдийн засагч хүнд байдалд орно. Харин хөл хорио тогтоосноор бид эмнэлгийн ачааллаа 1000 орчимд барьж, нас баралтын төвшин бага байх тооцоог танилцууллаа. 

Гэхдээ хөл хорио тогтоох эцсийн шийдвэрийг УОК, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм.