Ховд аймагт батлагдсан коронавирусийн халдвартай 2 иргэн болон хамт явсан хүмүүсийг онгоцоор авчирж байна

Ховд аймгийн Дарви суманд очсон иргэдээс коронавирусийн халдвар илэрсэн. Тэгвэл Ховд аймагт батлагдсан коронавирусийн халдвартай 2 иргэн болон хамт явсан 42 иргэнийг тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар хот руу буцааж байна. Улмаар Улаанбаатар хотод газардсаны дараа  ХӨСҮТ-рүү тусгай журмын дагуу тээвэрлэх юм. Дээрх иргэд нь  нэгдүгээр сарын 23-нд Улаанбаатар хотод шинжилгээ өгч 25-нд автобусанд суусан байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцээд хязгаарлалтын дэглэм тогтоох тухай Засаг даргын захирамж гарган баталлаа. Хуулийн дагуу болзошгүй эрсдэлээс хамгаалах үүднээс 2021.01.26-ны 20.00 цагаас 29-ний өдрийн 00.00 цаг хүртэл Ховд аймгийн нутаг дэвсгэрээс гарах, орох хөдөлгөөнийг түр хязгаарлажээ.

Түүнчлэн хот хоорондын нийтийн тээврээр зорчиж буй иргэдээс халдвар илэрч байгаатай холбогдуулан Улсын Онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хаагаад байна. Өөрөөр хэлбэл аймгуудын иргэдээ татан авах ажлыг бүрэн зогсоогоод буй.

Улаанбаатар хотоос ирж гэрийн ажиглалтад байгаа иргэдэд тасралтгүй хяналт тавих, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээг авч ажиллахыг сумдын Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт үүрэг болголоо.