ШӨХТГ-аас НӨАТ сугалааг болиулах саналыг хүргүүлнэ

НӨАТ-ын сугалаатай холбоотой асуудал олон хүний бухимдлыг төрүүлдэг. Зарим нь энэ сугалаа шударга бус явагддаг гэж үздэг бол нөгөө хэсэн нь сугалааг болиулж, буцаан олголтын хувийг нэхэм ёстой гэдэг. Мөн сүүлийн үед ТЕГ-ын ажилтнууд болон ойрын хүмүүс нь энэ сугалаанаас олон удаа азтан болсон гэх мэдээлэл ч гараад буй бөгөөд энэ асуудалтай холбоотойгоор ШӨХТГ-аас ажлын хэсэг гарч шалгаж байгаа.

Тэгвэл ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ НӨАТ сугалааг болиулах саналыг хүргүүлнэ гэжээ. Тэрбээр "НӨАТ сугалааны тохирол дээр өглөөнөөс шөнө болтол хяналт хийлээ. Энэ 7 хоногт хяналт шалгалтын дүн нэгтгэгдэн эцэслэгдэнэ. Түүний дараа бид Монгол Улсын Шадар сайдад хяналт шалгалтын дүнг нэгтгэн хүргүүлэх ба мөн НӨАТ сугалааг болиулах саналаа хүргүүлнэ. Анх НӨАТ хуулийг сурталчлах, хэрэгжүүлэхэд хөшүүрэг болгох зорилго байсан бол тодорхой цаг хугацааг туулж хангалттай үр дүнг өгсөн гэж харж байна. Мөн тус сугалаанаас үлгэрлэн нийгэмд, ялангуяа сошиал орчинд их хэмжээний азтан шалгаруулах сугалаа явагдах болсон бөгөөд Төр сугалаа явуулдаг нь бид ч явуулах үндэс гэж тайлбарлаж байна. Сошиалд явж байгаа азтан шалгаруулах сугалаа, тоглоомноос болж маш олон иргэн хохирч байна" гэсэн байна.