УЕПГ: С.Баяр, С.Баярцогт, Ч.Давааням нарын нэр байдаг үл хөдлөх хөрөнгүүдийг хураана

Улсын ерөнхий прокурорын газраас дөнгөж сая 2020 онд хяналт тавин ажилласан хэргүүдийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 2020 онд цар тахал дэгдсэн ч прокурорын байгууллага нь хуулиар хэрэгжүүлэх, нийтийн эрх ашгийг хамгаалах үүргээ тасралтгүй хэрэгжүүлж ажилласан. Мөн иргэдийн хүсэлт гомдлоо шийдвэрлүүлэх үйл ажиллагааг тасалдуулахгүй байх зорилгоор цахимаар хүлээн авч, шийдвэрлэсэн гэв.

Тухайлбал, 2020 онд Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж шүүхээр шийдвэрлэсэн 48 хэрэгт 21 тэрбум 586 сая төгрөгийн хууль бус хөрөнгийг хурааж, улсын орлого болгох шүүхийн шийдвэр гарсан. Мөн зөрчлийн  1775 хэрэгт хяналт тавин ажилласан. Зөрчлийн хэргийн 75.4 хувь нь нийслэлд үйлдэгдсэн бол үлдсэн нь орон нутагт үйлдэгджээ. Нийт хэргийн дийлэнхийг цагдаагийн байгууллага шалгасан бөгөөд 99 хувьд нь шийтгэл ногдуулсан байна. Өнгөрсөн онд авлигын гэмт хэрэг зургаа дахин өссөн статистик гарсан. Уг хэрэгтэй холбогдох 173 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна гэв.

Мэдээллийн дараа Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат сэтгүүлчдийн асуултад хариулсан. Тодруулбал, тэрбээр

"Шүүхээс эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдалсан хэрэгт буруутгагдсан Ерөнхий сайд асан С.Баярын 5 тэрбум 580 сая төгрөг, 1 тэрбум 97 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгө хураах, С.Баяртай хамт мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн Ч.Даваанямын нэр дээр бүртгэлтэй байсан АНУ-ын Нью-Иорк дахь 5 тэрбум 766 сая төгрөг бүхий үл хөдлөх хөрөнгийг хураахаар болжээ. 

Мөн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал олгосон, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн С.Баярцогтоос 4 тэрбум 10 сая 3 үл хөдлөх эд хөрөнгийг хураах шийдвэр гаргасан" гэлээ. С.Баярцогтыг Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байх хугацаандаа Оюутолгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт холбогдуулан 2018 оны дөрөвдүгээр сараас АТГ-т шалгаж эхлээд өнгөрсөн оны долдугаар сард шүүх түүнд 10 жилийн ял оноосон юм.