Өнөөдөр өглөөний 05:32 минутаас эхлэн Хөвсгөл аймгийн Ханх сумын орчимд 4.6-6.5 магнитудын, Улаанбаатар хотод 4-6 баллын газар хөдлөлт мэдрэгдлээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 километрт Ханх сумын баруун урд зүгт 30 километрын зайд 01 дүгээр сарын 12-нд нийт зургаан удаагийн газар хөдлөлт болж, иргэдэд хүчтэй мэдрэгджээ. Улаанбаатарын цагаар 05:32 цагт 6,5 магнитуд, 05:41 цагт 5,1 магнитуд, 05:47 цагт 4,6 магнитуд, 06:02 цагт 5,3 магнитуд, 06:10 цагт 5 магнитуд, 07:02 цагт 5,6 магнитудтай газар хөдлөлт болсон байна.
Эдгээр газар хөдлөлт нь Улаанбаатар хотын төвөөс 1000 орчим км-ийн зайд болсон ч газар хөдлөлтийн чичирхийлэл Булган, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг, нийслэлийн оршин суугчдад хүчтэй мэдрэгдсэн бол Улаанбаатар хотод 4-6 баллаар буюу унтаж байсан иргэд сэрсэн, гэрлийн бүрхүүл чичирхийлж савласан гэх зэргээр мэдрэгдсэн ч хохирол учраагүй байна.
Газар хөдлөлтийн үед юу хийх вэ?
Газар хөдлөх үед байшин дотор байгаа бол:
- -Тайван бай, үймж сандрах хэрэггүй
- -Аюулгүй газар хоргодох /нуугдах/ дотор хана, булан, даацын багана гэх мэт.
- -Газар хөдлөлт эхлэх үед Та хаана байна, тэндээ л газар сууж, өөрийгөө халхлах, хүлээх
- -Бат бөх ширээн доогуур орох
- -Цонхноос хол байх
- -Цаг, таазны гэрэл зэрэг дээрээс унах зүйлсийн доор зогсохгүй байх
- -Хаалга онгойлгоод доор нь зогсвол дээрээс унасан зүйл цохих аюул харьцангуй бага
Газар хөдлөх үед гадна байгаа бол:
- -Байшин, барилга, мод, гэрэл болон цахилгааны шонгоос хол, аюулгүй газар олох
- -Хэрвээ машин дотор байгаа бол чичирхийлэлт зогстол машинаасаа гарах хэрэггүй
- -Машинаар явж байгаа бол замаас гарч зогсох, гүүр, тунелээс холдох, ил задгай талбай олох
- -Олон нийтийн газар байвал хаалга, үүд рүү хамаагүй бүү зүтгэ. Дээрээс унаж болзошгүй зүйлээс холдохыг хичээх
- -Театр, цэнгэлдэх хүрээлэнд байсан бол суудалдаа суугаад толгойгоо хамгаалах
- -Ойр орчимд тэсэрч, дэлбэрэх бодис байгаа бол лаа асаах юм уу, гал гаргаж болохгүй
- -Хэрэв уулархаг газар амьдардаг бол хад чулуу нурж унахаас болгоомжлох
Газар хөдлөлтийн дараа юу хийх вэ?
- -Өөрийн сэтгэл санааг бүрэн эзэмдэж, эрүүл ухаанаар эргэн тойрноо харах
- -Эхлээд өөрийгөө бэртсэн эсэхийг шалгах
- -Хэрвээ цус алдаж байвал цэвэрхэн материал ашиглан цус тогтоох арга хэмжээ авах
- -Хүнд гэмтэлтэй хүнийг хамаагүй хөдөлгөж, тээвэрлэж болохгүй
- -Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх
- -Хүүхэд, өндөр настан, өвчтэй хүмүүсийг тайвшруулах
- -Нурангид дарагдсан хүмүүсийг өөрийн бололцооны хэрээр аврах
- -Онцгой чухал шаардлагагүй бол байшинд орох хэрэггүй
- -Нурангин доор байгаа бол тайван байх, боломжтой бол өөртөө анхны тусламж үзүүлэх
- -Гадна байгаа хүмүүст дохио өгөх /хашгирах, ямар нэгэн юм нүдэх/
- -Гал гаргаж болохгүй
- -Өөрийн тамир, тэнхээгээ гамнах
- -Шилний хагархай байх тул гутлаа өмсөх
- -Ямар нэг эвгүй үнэр байвал цонх, салхивчаа нээх
- -Цахилгаанаа яаран бүү залга
- -Радиогоо цаг үеийн мэдээн дээр тохируулах
эх сурвалж: МХЕГ