“Сань-Яа -2021” Азийн элсний наадам дахин хойшиллоо

Кувейт улсад байрлах Азийн Олимпийн Зөвлөл шинэ оны өмнө БНХАУ-ын Сань-Яа хотноо зохион байгуулагдах Азийн элсний спортын 6 дугаар наадмыг хойшлуулах шийвэр гаргалаа. Энэхүү наадам нь Сань-Яа хотод 4 дүгээр сарын 2-10-нд болох байсан ч Азийн олимпийн зөвлөл нь цар тахлын байдлаас үүдэн , дахин хойшлуулах шийдвэр дэвшүүлснийг Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд санал нэгтэйгээр зөвшөөрсөн байна.

Анх тус наадам нь 2020 оны 11-р сарын 28-наас 12-р сарын 6-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч цар тахлын улмаас энэ оны 4 дүгээр сар хүртэл хойшлоод байсан юм. “Сань Яа-2021” наадмын шинэ товыг жич тодруулах бөгөөд спортын хөтөлбөрт 18 төрөл багтсан билээ. Бали-2008 Азийн элсний спортын анхны наадмаас тогтмол оролцсон Монгол улс энэ удаа акуатлон, ( Триатлоны дугуйн уралдааныг хасч , усанд сэлэлт ба гүйлт хосолсон төрөл ) 3х3 сагсан бөмбөг, элсний гандбол, элсний волейбол, элсний бөх, модон бөмбөг, жү-жицү, спорт авиралт, текболл ( Гүдгэр гадаргуутай ширээн дээр тоглодог теннис ) зэрэг 9 төрлөөр оролцохоор мэдүүлгээ илгээжээ.