Олимпийн эрхэм хүндэт хамт олны амар мэндийг айлтгая !
Улиран одсон 2020 онд бид бүгдээрээ олон хүндрэлтэй тулгарч , онцгой ховор туршлага хуримтлууллаа. Олимпийн хамт олон бид нүүр тулсан хүндрэлүүдийг сөрөн, түүнийг даван туулах боломжийг нээн илрүүлсэн давуу талтай. Нийгмийн доторх спортын үүргийг улам бэхжүүлж, "@ХүчтэйБай, @ИдэвхтэйБай, @ЭрүүлБай” дэлхий дахиныг хамарсан хамгийн том аяныг өрнүүлж чадсанаар зөвхөн Олимпийн өдрийн арга хэмжээнд хагас тэрбум хүн цахимаар идэвхтэй оролцлоо.
Ингэснээр бие бялдар, оюун ухаан, эрүүл мэнд, нийгмийн амьдрал, эдийн засгийн нөхцөл байдалд спортын үзүүлэх бодит үүрэг, ач холбогдлыг дэлхий даяар илтгэн харуулж чадлаа.ОУОХ нь НҮБ, ДЭМБ-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, “Бүгдээрээ эрүүл саруул аж төрье!” сэдэвт аяныг олон улсын тавцнаа идэвхтэй зохион байгуулж эхлээд байна.
НҮБ-аас дэлхийн бүх орны Засгийн газарт спортыг эргэн сэргэлтийн хөтөлбөртөө түлхүү оруулах тухай тогтоолыг баталж, Ерөнхий Ассамблей нь Олон улсын олимпийн хороо, Олон улсын паралимпийн хорооны бие даасан статус ба манлайлах үүргийг өндрөөр үнэлэн , Олимпийн хартийг хүлээн зөвшөөрсөн нь олимпийн онцгой 2021 оноос эхлээд ирэх олимпийн наадмуудыг дэмжсэн ач холбогдолт бүхий үйл явдал болсныг цохон тэмдэглэж байна.Түүнчлэн “Их хорь”-ийн дээд хэмжээний уулзалтаас Токио-2020, Бээжин-2022 олимпийг дэмжих тогтоол гаргалаа. Дээрх тогтоол шийдвэрүүд нь олимпийн онцгой 2021 оны ололт амжилт гарцаагүй мөн.
Токио нь олимпийн бэлтгэлийг хамгийн дээд зэргээр чамбай хангасан хот хэвээрээ байна. ОУОХ нь олимпийн наадмын төлөө зарчмын дагуу үнэнчээр зүтгэж буй Японы түншүүд, олимпийн анд нөхдөө зөвхөн талархлын үгээр мялаахаас өөр аргагүй бөгөөд цар тахлын дараах дэлхий ертөнцийн эрүүл , аюулгүй орчинд Токио-2020 олимпийг амжилттай зохион байгуулах нь бидний цорын ганц хамтын зорилго юм.Бид хэзээ ч үл мартагдах онцгой нэгэн олимпийн наадмаа мөнхжүүлэх ёстой.Энэхүү олимпийн наадам нь хонгилын үзүүрийг гэрэлтүүлж, хүн төрөлхтний эв нэгдэл ,эвсэл зохицлын их баяр болох нь дамжиггүй.
Энэ жилийн хувьд Бээжин-2022 өвлийн олимпийн наадмын бэлтгэл ажил нь улам бүр жигдэрч, БНХАУ-ын олимпийн түнш, анд нөхдүүдийн уйгагүй хүчин зүтгэлийн ачаар дэлхийн өвлийн спортын шилдэг тамирчдыг хүлээн авах орчин үеийн барилга байгууламж бүгд бэлэн болсныг дурьдахад таатай байна.Токио, Бээжин олимпод бэлтгэх нөр их ажлын хажуугаар ОУОХ нь ирээдүйгээ итгэлтэй харж, цар тахлын дараах цаг үед манай гаригийн хүмүүс олноор хуран цугларах дэлхий ертөнцийн нийгмийн амьдралд спортын гүйцэтгэх үүргийг улам төгөлдрөөр бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө бүх анхаарлаа хандуулах болно.
Бид нэгэн сургамж авсан. Энэ сургамж нь бид эв нэгдлээ улам зузаатгаж, нийгэм хамт олны бүх давхаргын эв нэгдлийг улам бэхжүүлэхийн чухлыг сануулж өглөө. Эв нэгдлийн сургамжаас үүдэн тулгарч болзошгүй эрсдэл хүндрэлийн үүдийг хааж, олон боломж бололцоогоо нээн илрүүлэх шаардлага урган гарч байна.
Миний бие нь та бүхнийг өдгөө хэрэгжүүлж буй шинэчлэлийн үйл ажиллагаанд нэгдэн, “Өөрчил, эсвэл өөрчлөгд!” уриаг ажил амьдралынхаа мөрдлөг болгохыг уриалж байна.
Та бүхэнд олимпийн онцгой 2021 онд аз жаргал, цэцэглэл хөгжил, эрүүл энх байхыг хүсэж, сайн сайхны дээдийг ерөөе!