УОК хатуу хөл хориог 14 хоног сунгах саналыг хэлэлцээд дэмжсэн байна

Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотод тогтоосон Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаа буюу хөл хориог сунгах эсэхийг хэлэлцжээ: Улмаар ЭМЯ-наас ирүүлсэн хөл хориог 14 хоног сунгах саналыг хэлэлцээд дэмжсэн бөгөөд энэ саналаа Засгийн газрын хуралдаанд оруулахаар болжээ.  Засгийн газар одоо 14.00 цагт ээлжит бусаар хуралдаж тус асуудлыг эцэслэн шийдвэрлэх юм. Хэрэв Засгийн газар  УОК-ын дэмжсэн саналыг дэмжвэл Улаанбаатар хотод 2021 оны нэгдүгээр сарын 20 хүртэл хатуу хөл хорио үргэлжилнэ гэсэн үг. 

Түүнчлэн өчигдөр нийслэлээс бусад аймаг, орон нутагт коронавируст халдвар /КОВИД-19/ тархах эрсдэлийн 19 дахь шатны үнэлгээг цахимаар хийсэн. Энэ удаагийн эрсдэлийн үнэлгээг ЗТХЯ, ХХААХҮЯ, ОБЕГ, МХЕГ, ХХЕГ, ТЕГ, ЦЕГ, НОК, ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМГ, УБТЗ, МҮХАҮТ, ДЭМБ зэрэг байгууллагын төлөөлөл оролцсон. Тус ажлын хэсэг Шадар Сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар батлагдсан “Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу хийсэн үнэлгээний дүнгээ Улсын онцгой комисст танилцуулсан бөгөөд "Монгол Улсын хувьд коронавирусийн халдвар нийт хүн амын дунд өргөн хүрээнд тархах эрсдэл маш өндөр байгаа учраас хатуу хөл хорио буюу Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацааг Улаанбаатар хотод үргэлжлүүлэн 14 хоног сунгах нь зүйтэй" гэж үзсэн юм байна. 

Өнөөдөр УОК, Засгийн газар хуралдаж, нийслэлд тогтоосон хатуу хөл хорионы дэглэмийг сунгах эсэх асуудлыг хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргана.