Н.Тавинбэх: Өнгөрсөн оны мөн үеэс цахилгаан, дулааны төлбөрөө хэтрүүлсэн бол төлбөрийг хэрэглэгч хариуцна

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр хуралдсан. Хурлаар төрөөс дулаан, цахилгааны үнийг чөлөөлсөнтэй холбоотойгоор зарим зохицуулалыг хийжээ. Энэ талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Цар тахалтай холбоотойгоор эдийн засгийн хүндрэлийг даван туулахад иргэд, аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх зорилгоор өнгөрсөн 7 хоногийн Засгийн газрын хуралдаанаар зарим аж ахуйн нэгж, цахилгаан, дулаан, хэрэглээний уур, хогны төлбөрийг төрөөс даахаар болсон. Цахилгаан, дулааны төлбөрийг төрөөс даахтай холбоотой журам гарах ёстой. Журам гарсан. Журмыг танилцууллаа.

Хэрэглэгчийн эрх үүргийн хувьд дээрх хугацаанд өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан, дулааны хэрэглээтэй тэнцэх хэмжээнд төрөөс төлбөрийг хариуцна. Энэ хэрэглээнээс хэтэрсэн тохиолдолд хэрэглэгч өөрөө төлбөрийг хариуцахаар журамласан.

Дээрх шийдвэртэй холбоотой хэрэглээний өсөлтийг урьдчилан тооцсон. Гэтэл бидний тооцсон хэмжээнээс огцом өнөдөр гарч байгаа. Тэр дундаа 17.00-21.00 цагийн хооронд аж ахуйн нэгжүүд хэрэглээгээ тодорхой хэмжээгээр бууруулах, айл өрхүүд энэ цагт цахилгааны хэрэглээгээ бууруулах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй.

Стандартын шаардлага хангасан цахилгааны хэрэгсэл ашиглахыг мөн журамлаж өгсөн. Зүй бус зохиомол хэрэглээ мөн шийдвэр гарсантай холбоотой гарсан. Иймээс үүнийг хориглох, хязгаарлах арга хэмжээ авна" гэлээ.