Боловсролын багц хуулийн төслийг багш нараар хэлэлцүүлж байна

Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороотой хамтран Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцүүлгийг орон даяар өрнүүлж байна. Энэ хүрээнд өнөөдрөөс аймаг, сумдын багш нарын хэлэлцүүлгийг эхэллээ.

Боловсрол, шинжлэх ухааны яамны удирдлагууд боловсролын салбарын нийт багш, ажилтан, албан хаагчид болон эцэг эхчүүд, олон нийтээс ирүүлсэн саналыг өнгөрсөн амралтын өдөр хуулийн төсөлд тусгасан. Санал тусгасан багц хуулийн төслийг ийнхүү орон нутгийн багш нараар хэлэлцүүлж байгаа юм. Аймаг, нийслэл, сум, дүүргийн багш нарын саналыг хуулийн төсөлд тусгасны дараагаар УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Одоо мөрдөгдөж буй Боловсролын тухай хууль 2002 онд батлагдсан. Иймд цаг үе, нөхцөл байдалтай уялдуулан багш нарын нийгмийн баталгаа, цахим орчин, шинжлэх ухаан, техник технологид нийцүүлэн хуулийг шинэчлэх хэрэгцээ шаардлага үүсээд байгаа юм.