С.ЧИНЗОРИГ: ЭДИЙН ЗАСГАА ДЭМЖИЖ БАЙЖ ХЯМРАЛААС ГАРНА

УИХ-ын өнгөрсөн баасан гаригийн нэгдсэн чуулганаар 2021 оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн.

Миний хувьд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн саналыг дэмжих хоёр үндэслэл байгаа юм. Нэгдүгээрт, өнгөрсөн жил баталсан Цар тахлын тухай хуулиар Засгийн газарт тухайн жилийн төсвийг захиран зарцуулахтай холбоотойгоор эрхийг нэлээд өргөжүүлсэн зохицуулалтуудыг хийж өгсөн бөгөөл энэ хүрээндээ 2021 оны төсөвт зохицуулалт хийгээд үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж нь Засгийн газарт байгаа.

Хоёрдугаарт, орон нутгийн Иргэдийн хурлууд 2021 оныхоо төсвийг батлах хуулийн хугацаатай. Энэ хугацаа тулсан. Аймгуудын дийлэнх нь хурлаа хийгээд ирэх оны төсвөө баталсан гэсэн дүн мэдээтэй байгаа учраас Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй юм. Гэхдээ он гараад Төсвийн тухай хууль хэрэгжээд эхэлснээс хойш нөхцөл байдлаа үнэлж дүгнээд төсөвт тодотгол хийх нь цаг хугацааны асуудал.

Коронавирусийн цар тахлын дэгдэлтийн үед эдийн засгаа хумиж хямралыг давах юм уу, эсвэл эдийн засгаа тэлж хүндрэлийн ард гарах уу гэдэг сонголтын өмнө байна. Ялангуяа 2021 оны Төсвийн тухай хуульд туссан хөрөнгө оруулалтуудын хэмжээг хасах талаар ярьж байгаа хүмүүстэй би санал нийлэхгүй. Хөрөнгө оруулалтыг хасах нь буруу. Хөрөнгө оруулалт хийгдсэнээр ажлын байр хадгалагдана, ажиллагсад цалинтай орлоготой байх гээд олон давуу тал бий бөгөөд эдийн засгаа тэлж, хямралыг давахад ач холбогдолтой. Тиймээс хөрөнгө оруулалтыг хасах шаардлагагүй гэж бодож байна.

Ер нь цаашдаа 2021 оны төсөвт тодотгол хийх бол зайлшгүй анхаарах хэдэн зүйл байгаа юм. Нэгдүгээрт, 2020 оны 4-р сарын 1-нээс 10-р сарын 1-ний хооронд цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор хүн амын орлогыг дэмжих, ажлын байрыг хадгалах чиглэлээр авсан арга хэмжээний нэг нь Хүн амын орлогын албан татварыг тэглэсэн. 10-р сарын 1-нээс энэ арга хэмжээ зогсч хуулийн дагуу Хүн амын орлогын албан татварыг авч байгаа. Цар тахлын дэгдэлт намжихгүй байгаа учраас цаашдаа энэ татварыг тэглэх, чөлөөлөх асуудлыг авч үзэх хэрэгтэй байна.

Мөн 2021 оноос ажилтан болон ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ тус бүртээ 1,0 хувиар нийтдээ 2,0 хувиар нэмэгдэх хуулийг мөрдөж эхэлнэ. Тиймээс цар тахлын дэгдэлт зогсоогүй тохиолдолд энэ хуулийн үйлчлэх хугацааг эргэж харах шаардлагатай. Энэ мэт иргэдийн орлого, ажлын байрыг хамгаалж, ажил ологогчдоо дэмжсэн бодитой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд Засгийн газар анхаарах байх гэж найдаж байгаа.