ОЛИМПИЙН СУУ АЛДРЫН ТӨЛӨӨ ШӨРМӨСӨӨ ТАСАРСАН Ч ТЭМЦСЭН МОНГОЛЫН ЖИРИЙН МАЛЧИН ХҮҮ

Люк Норман

Олон улсын олимпийн хороотой хамтран ажилладаг “AMP MEDIA” Спорт мэдээллийн агентлагийн захирал. Олимпийн наадам, рагби, хөлбөмбөг түүнчлэн гимнастикаас цанын спорт хүртэл бүх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг томоохон спортын үйл явдал, тэмцээн уралдааныг сурвалжилдаг. Мөн Ассошиейтэд Пресс (AP), Олон улсын паралимпийн хороо (IPC), Олон улсын маркетингийн групп (IMG) зэрэг манай гаригийн том түншүүдтэй хамтардаг. Шотландын Эдинбург хотноо гэргий, 2 хүүхдийн хамт аж төрдөг.

Монголын ард түмэн олимпийн анхны алтан медаль эх орондоо авчрах баатрыг олон жилийн турш хүсэн хүлээсэн бөгөөд энэхүү эрхэм дээд хүндлэлийн эзнээр жүдоч Найдангийн Түвшинбаяр тодорсон билээ.

 Эх орондоо энх амгалан тогтоож, түүхэндээ хамгийн анхны олимпийн титмийг тэргүүндээ залсан Н.Түвшинбаяр нь наадмын дараах хүнд гэмтэлд дарлуулахыг огтхон ч хүссэнгүй.

“Лондон-2012” наадмын татами дээр 100 кг-ын жингийн гал гарсан ширүүн өрсөлдөөний  эцэст олимпийн аваргын төлөө шигшээ барилдаанд хоёр дахь удаагаа шалгарсан Н.Түвшинбаярын замд дөрвийн дөрвөн өрсөлдөгч нь дараалан хөндөлсөөд дийлсэнгүй. Гэвч барилдааны үед хүнд гэмтэлд өртсөндөө шаналж буй нь илт мэдрэгдсэн тул эрүүл мэндийнх нь төлөө үлэмж санаа зовнисон түүний хамгийн ойр дотны хүмүүс нь олимпийн алтын төлөө барилдахаас татгалзаж, мөнгөн медалиа шууд зүүхийг тал талаас нь ятгаж гарлаа. “Бараг л бүх дасгалжуулагч, багш нар , бас дээр нь манай гэр бүлийнхэн минь бүгд л миний төлөө санаа зовж, алтын төлөө шигшээ барилдаанд гарахыг тас хориглож байсан” гэж Түвшээ яриа хөөрөөгөө эхэллээ. Гэвч мань хүний зүүн өвдөгний чагтан холбоос нь тасарсан ч тэрбээр өөрийн бодол өөртөө зөв гэж дотроо хатуу бодож байсныг тэд яахин гадарлах билээ.

Одоо бүгдээрээ энэ залуугийн туулсан спортын замналаар хамтдаа аялаад үзье. Монголын өргөн их тал нутгийн нүүдэлчин удмын малчны гэр бүлд өсөж торнисон Түвшээ багаасаа барилдаж ноцолдох дуртай хөдөөний хүү байсан бөгөөд 18 насандаа зурагтаар Азийн аварга шалгаруулах тэмцээнийг амтархан үзсэнийхээ дараа амьдралдаа анх удаа аймагтаа жүдо бөхөөр барилдаж үзсэн удаатай. Тэгээд л жүдо бөхөд сэтгэл зүрхээ “дэгээдүүлж”, эргэлт буцалтгүй энэ спортод татагдсан гэдэг. Тавхан жилийн дотор Олон улсын жүдогийн холбооны ивээл дор зохиогддог Дэлхийн цомын тэмцээнд гялалзсан амжилттай барилдаж, бүр шагналын тавцанд цөөнгүй удаа хөл тавьлаа. Ердөө жилийн дараа гэхэд л туршлага дулимаг байж болох ч нэг метр далан найман см өндөр нуруутай, шавилхан биетэй, нүдэнд нь итгэл гэрэлтэж, нүүрэнд нь инээмсэглэл тодорсон, царайлаг нэгэн залуу “Бээжин-2008” олимпийн наадамд оролцохоор ирлээ.

Эхний тойрогт “Афин-2004” олимпийн аварга, энэ жинд олон мэргэжилтний таамагласнаар баараггүй түрүүлэх өндөр магадлал бүхий Японы Кейжи Сүзүкитэй оноолт таарсан. Н.Түвшинбаярын хувьд гарцаагүй том өрсөлдөгч нь боловч түүнийг том асуудал биш хэмээн тооцоолж, нэг минут хорин зургаан секундэд Hаран улсын аваргыг “иппон” үнэлгээгээр цэвэр яллаа. Тэрбээр үнэндээ финал хүртлээ бүжиглэх мэт уран барилдаж, бүх өрсөлдөгчөө нам дийлсэн билээ.

Алтын төлөө Казахстаны Асхат Житкеевтэй хийх халз, шийдвэрлэх,түүхэн тулаан үлдлээ. Учир нь “Токио-1964” оноос хойш зуны олимпийн наадамд 10 удаа оролцсон Монгол улсын баг тамирчид нийт 15 медаль хүртсэн ч алтын мөрөөдөлд умбаад удсан юм. Алдаж хэзээ ч болохгүй алтан агшин Н.Түвшинбаярт тохиолоо.

“Жирийн малчин ардын хүү би гурван сая хүн амтай Монгол эх орондоо олимпийн анхны алтан медалийг авчирсандаа туйлын баяртай байна. Ард нийтээрээ 2008 оны VIII сарын 14-ний өдөр олимпийн анхны алтан медалийн баяраа бахархалтай тэмдэглэсэн. Спортод элэгтэй монгол түмэн минь “Токио-1964” зуны олимпийн наадмаас хойш 44 жилийн турш олимпийн алтан медалийг хүсэн хүлээсэн бөгөөд энэхүү алтан хүсэл мөрөөдлийг нь биелүүлж чадсандаа үнэхээр баяртай байдаг” гэж Н.Түвшинбаяр өгүүлсэн юм.

Н.Түвшинбаярын баатарлаг гавъяагаар хүртсэн Монголын түүхэн дэх олимпийн анхны алтан медаль нь ард түмэндээ амгалан энхийг авчирсан талаар олон улсын хэвлэл мэдээллийнхэн багагүй шуугисан. Үүнийг аварга маань бодит үнэн гэж өөрөө баталсан.

“Парламентийн сонгуулийн дараа 2008 оны VII сарын 1-нд Монголын нийслэл Улаанбаатар хотноо улс төрийн эмх замбараагүй байдал, жагсаал хөдөлгөөн бужигнасны харгайгаар тогтворгүй байдлыг намжаах үүднээс эрх баригчид хөл хорио хүртэл тогтоосон” гэж Н.Түвшинбаяр тайлбар өгч байсан. Олны магнайг тэнийлгэж,  онцгой байдлыг хуу халсан алдарт жүдочийн алтан медалийн дуулиан намжаагүй байхад аравхан хоногийн дараа Монголын багийн хөнгөн жингийн боксчин Энхбатын Бадар-Ууган бас нэгэн олимпийн алтаар энгэрээ мялааж, баяр дээр баяр нэмэх нь тэр ээ!

“ Алтан медалиар чимсэн бидний олимпийн амжилт нь үнэндээ  олон түмэнд аюулгүй байдал , амар түвшин гэгээн саруул уур амьсгалыг  бий болгосон бөгөөд улс төрийн үймээн самууны хар сүүдрийг  арилган , энх тайван, эв нэгдэл, хөөр баясал  авчирсан нь үнэхээр сайшаалтай” гэж тэрбээр нэмж өгүүллээ.

Монголчууд баяр хөөрт умбаж байх үед Н.Түвшинбаяр нь Бээжинд гэмтэл авсан баруун өвдөгний ноцтой гэмтлээ даван туулах нүсэр асуудалтай тулгарчээ. Удахгүй хагалгаанд орж, аажмаар эрүүл мэндээ сайжруулан, их спортдоо эргэн ирэх их замаа засч эхэллээ.

Түвшээ нь 2010 оны VII сард Улаанбаатар хотноо өндөрлөсөн Дэлхийн цомоос алтан медаль зүүж, бүр 2011 онд гадаадад зохиогдсон  дээд зэрэглэлийн хоёр ч том тэмцээнд түрүүлсний дараа “Лондон-2012” олимпод аваргын цол титмээ хамгаалах цорын ганц хатуу зорилготой "Будант Альбион" хэмээх Англид буусан гэдэг.

Гэхдээ орон орны жүдо одод ч дотроо том бодол тээж, " ногт ганзагалж "ирсэн нь ч илт  байсан нь мэдээж. Баруун өвдөгний чагтан холбоосны архаг гэмтэл нь түүнийг зүүн хөл дээрээ давхар ачаалалтай барилдахаас аргагүй байдалд хүргэв.

Хагас шигшээд БНСУ-ын Хван Хи-Тэтэй барилдах үедээ хүнд гэмтсэн өвдгөө аймшигтай хөндсөн ч ялалтаар өндөрлүүлж чадлаа. Өдгөө найман жилийн дараа ч гэсэн Н.Түвшээ гол тасартал өвтгөсөн тэр муу гэмтлээ хамгийн аймаар мөч гэж одоо болтол халаглах нь тамирчны амьдралын эрээн барааны нэгэн гэлтэй. Тэгэхэд нас сүүдэр 28 хүрсэн Н.Түвшинбаярын гэмтэн ёолох дуун Лондон хотын “ExCel” спортын ордон дотор олон хүнийг  огло харайтал сэрдхийлгэсэн нь одоо ч сонсогдох мэт. Төдөлгүй дасгалжуулагчдаа үүрүүлэн , дэвжээнээс буулаа. Өвдөлт тэсэхийн аргагүй байсан тул заримдаа аавыгаа ч танихааргүйгээр ухаан нь үе үе балартсан гэсэн.

Түүний зовлон шаналлыг тэнд нүдээр харсан бүхэн аварга цолын эзэн маань финалд барилдахгүй гэдэгт эргэлзээгүй боловч хэн ч үйл явдал ингэж эргэнэ гэдэгт хожим нь итгэсэнгүй. Гэхдээ олимпийн одоогийн аваргаас бусад нь л дотроо тэгж бодсон хэрэг шүү дээ.

Н.Түвшинбаяр өгүүлрүүн: “Монголын жүдогийн холбооны Ерөнхийлөгчтэй нухацтай зөвлөлдсөний эцэст би хатуу шийдсэн. Би ямар ч хүнд гэмтэл авсан ч гэсэн алтын төлөө асар хүнд тулааны тавхан минутыг шүдээ зуун тэсээд, олимпийн оргилд дахин гарахын төлөө тэмцэх ёстой гэдгээ л яс махандаа шингэтэл ойлгосон юм”. Тэгээд ямар ч эргэлзээгүй шууд л шигшээ барилдаандаа зориглон гарсан даа. Өрөөсөн хөл дээрээ догонцон тэнцэх түүний өөдөөс 2011 оны дэлхийн аварга, ОХУ-ын жүдоч Тагир Хайбуллаев хэрсэн бух шиг өрсөн нь харагдана.

Лондон-2012

 

“Ялахын төлөө би итгэл төгс татами дээр гарсан. Тайгир их сандарч байхыг мэдэрсэн. Миний тактик бол барилдах эр зориг, ид хаваа илтгэн харуулахын зэрэгцээ уужуу тайван, таагдашгүй нууцлаг дүр эсгэж байв”.

Монголын жүдоч бол үнэхээр байгалиас заяасан  ховорхон авъяастан ажээ. Эхний хоёр минутад тэрбээр том гэмтэлтэй атлаа хүмүүсийн таамагласнаас хавьгүй илүү, жигд дайчин барилдсан ч Тагир Хайбуллаев эцсийн эцэст Монголын дайчин эрийг “иппон”-оор унагасан. Спорт бол спорт шүү дээ.

Ийнхүү Н.Түвшинбаяр нь олимпийн хаанчлалаа алдсан ч даян дэлхийд түүний хатан зоригийг дээдэлсэн үй түмэн шүтэн бишрэгчийн армитай болсон төдийгүй хоёр олимпоос медаль хүртсэн Монголын анхны тамирчнаар гялалзан тодорсон мөнхийн гавъяаг байгуулав.

Дараа нь Түвшээ бас “Рио-2016” олимпод оролцож, “Будапешт-2017” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний +100 кг-ийн хүнд жинд хүрэл медаль хүртээд амжив. Өдгөө 36 настай Н.Түвшинбаяр нь 2017 оноос хойш Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын зөвлөхийн албыг хашиж, саяхан Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон. “Токио-2020” олимпод дөрөв дэх удаагаа тамирчнаар оролцож ч магадгүй. Тэгвэл ч түүний олимпийн суу алдар улам мандан бадрах нь дамжиггүй.

Орчуулсан: Ж.Отгонцагаан, А.Түмэнбаяр