УОК-оос Алтанбулаг боомтоор орж ирсэн, тусгаарлалтад 21 хоног байж байгаад гарсан олон улсын тээврийн жолооч болон гэр бүлийн хүнээс нь Covid-19 халдвар илэрсэн талаар өнөөдөр мэдээлсэн. Тэгвэл одоогоор 24 ойрын хавьтлыг тусгаарлаж, шинжилгээ авах ажил үргэлжилж буй бөгөөд энэ асуудлаар Эрүүл мэндийн яамнаас яг одоо мэдээлэл өгч байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: 24 хүнд шинжилгээ хийхэд хоёр хүнэээс халдвар илэрлээ. Тодруулбал, халдвартай жолооч Д-гийн хадам ээж болон тэдэнтэй хамт тоглолт үзсэн дүүгээс нь Covid-19 илэрлээ. Эдгээр хүмүүсийн хавьтал болсон хүмүүсийг судалж байна.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.ГАНЗОРИГ: Хавьтал болсон хүмүүсийн нэр, гэрийн хаягийг нь тогтоогоод тусгаарлаж эхэлсэн. Хуурамч мэдээлд холбогдох байгууллагуудаас хяналт тавьж ажиллана. Хавьтлын хүмүүсийн зургийг олон нийтэд түгээх нь хүний эрхэнд халдаж байгаа хэлбэр юм. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллага түрүүлж мэдээллэхээс илүү хүний эрхийн талаас харж олон нийтийн санааг үймүүлэхгүй байх хэрэгтэй. Дөнгөж сая шинжилгээний хариу гараад ийнхүү нэгдсэн мэдээлэл хийж байна. Шинэ мэдээлэл гарахаар иргэдэд цаг алдалгүй мэдээлэл өгнө.