МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДУУЛЛЫН АГУУЛГА, МӨН ЧАНАРЫГ ОЙЛГУУЛАХ ЦУВРАЛ СУРГАЛТУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр” хэрэгжүүлэх ажлыг Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын 27 сургууль, 38 цэцэрлэгийн багш суралцагч, ажилтан албан хаагчид эх оронч сэтгэлгээ төрт ёсоо дээдлэх үзлийг өсвөр үеийнхэнд төлөвшүүлэх зорилгоор хэрэгжүүлэн ажиллаж байна.

Аяны хүрээнд ерөнхий боловсролын 27 сургуулийн 686 бүлгийн 22949 суралцагч, цэцэрлэгийн 274 бүлгийн 7848 хүүхэд хичээл эхлэхийн өмнө 08:00 цагт Төрийн дууллыг хүндэтгэн дуулж хэвшээд байгаа бөгөөд бага боловсролын 349 бүлгийн 11331 суралцагчдын дунд “Төрийн дууллаа зөв дуулж сурцгаая” аяныг зохион байгуулж байна.

Монгол Улсын Төрийн дууллыг сурагчдад зааж сургах, дууллын агуулга, мөн чанарыг ойлгуулах чиглэлээр түүх нийгмийн ухааны багш нараар дамжуулан цуврал сургалтуудыг зохион байгууллаа. Мөн төрийн дууллын үгийг монгол бичгээр гоё сайхан бичүүлж сургах, олон нийтэд сурталчлах ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Аяны үр дүнд сургуулийн сурагчид Төрийн дууллын мөн чанар, агуулга, түүхэн уламжлалын талаар ойлгох, төрт ёс, эх орныхоо тусгаар тогтнолоор бахархах үзэл төлөвших, сурагчид төрийн дууллын үгийг бүрэн тогтоож, зөв дуулах чадвартай болох, төрийн дуулал эгшиглүүлэх, хүндэтгэн хүлээж авах ёс журмыг даган биелүүлдэг болох зэрэг ач холбогдолтой юм.