МОНГОЛЫН ЖҮДОЧИД САИД МОЛЛАЙГИЙН ТӨЛӨӨ УРИАЛГА ГАРГАЛАА

Өнөөдөр Швейцарь улсын Лозанн хотноо улс төрийн золиосны бодит аюулд учирсан Иран үндэстэн, жүдоч Саид Моллайгийн хувь заяаны асуудлаар Спорт арбитрийн шүүх (CAS) эцсийн шийдвэр гаргах гэж байна.

Исламын бүгд найрамдах Иран улсын засаг захиргаа нь түүнийг Ираны далбаан дор олон улсын бүх тэмцээн, наадамд оролцох эсвэл бүрмөсөн их спортоо орхих муйхар шаардлагыг хүчээр тулгаж буй нь дэлхийн жүдогийн их гэр бүлийнхний зэвүүцлийг зүй ёсоор төрүүлж байна. Саяхан Ираны дарангуйлагчид сонгомол барилдааны тамирчин Навид Афкарийг цаазалсан жигшүүрт хэрэг нь дэлхийн олон нийтийг ихэд цочирдуулсныг бид мартаагүй. Энэ аймшигт түүх өнөөдөр давтагдахад ойрхон байгаа тул Монгол улсын иргэншилтэй Саид Моллайгийн чөлөөт сонголтыг хүндэтгэн, хүний эрхийг хангахын төлөө Лозанн дахь Спорт арбитрийн шүүх зөв шийдвэр гаргана гэдэгт найдаж буйгаа Монголын жүдо бөхийн холбоо албан ёсоор илэрхийлж, энэ үйл хэрэгт дуу хоолойгоо нийлүүлэхийг орон орны жүдогийн холбоо, нийт жүдочиддоо уриалж байна.